Парламент гацаанд орж, V цахилгаан станц гацаанаас гарав
Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар таван нэр дэвшигч УИХ-ын гишүүний тангараг өргөх байсан ч намын бүлгүүдийн эсэргүүцэлтэй тулгарч хойшилсон юм. Түүнчлэн орон нутгийн сонгуулийн дахин санал хураалт 140 хэсгийн хороонд явагдсан гээд улс төр, нийгмийн амьдралд сонин содон мэдээллээр дүүрэн долоо хоног болж, өндөрлөлөө.
Дахин санал хураалт 140 хэсгийн хороонд болов
Сонгуулийн ерөнхий хорооноос өнгөрөгч долоо хоногт орон нутгийн сонгуулийн дүнг албан ёсоор танилцуулсан юм. Сонгууль болж дуусснаас хойш Аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороодын мэдээлэл тав хоногийн дотор багтаж гарсан бөгөөд СЕХ-нд долоо хоногтоо багтаан мэдээллээ хүргүүлсэн байна.
Аймгуудын хувьд АН-10, МАН-10 аймагт тус бүр ялалт байгуулсан дүн гарчээ. Нийслэлийн дүүргүүдийн хувьд ирц хүрсэн таван дүүрэг байгаа аж. Гэхдээ зарим хороонд ирц хүрээгүйгээс нэгдсэн дүн хараахан гараагүй байгаа аж. Нийт дүүргүүдээс дүн нь гарсан Багануур 25 мандатаас МАН-13, АН-12, Багахангай 17 мандатаас МАН-12, АН-5,Налайх 25 мандат МАН-11, АН-12, МАХН-МҮАН “Шударга ёс” эвслээс -2 төлөөлөгч тус тус сонгогдсон байна.
Дахин санал хураалт өнгөрөгч баасан гаригт явагдсан. Гэхдээ нэгдсэн дүн хараахан гараагүй байна. Одоогоор бидэнд буй мэдээллээр Сонгинохайрхан дүүргийн хувьд дахин санал хураалт 13 хорооны 32 хэсгийн хороонд болж, 27200 сонгогч саналаа өгчээ. Дүүргийн хувьд 41 мандатын 17-нь АН, 22-ыг нь МАН-аас нэр дэвшигчид, хоёр мандатыг МАХН-аас авчээ.
Баянгол дүүрэгт 13 хорооны 23 хэсгийн хороонд 125 мянган сонгогч саналаа өгөхөөс 53862 нь оролцож, ирц 42.86 хувьд хүрчээ. Сүхбаатар дүүрэгт дахин санал хураалт 13 хэсгийн хороонд болж, 9252 сонгогч саналаа өгсөн байна. Чингэлтэй дүүргийн хувьд 22 хэсгийн хороонд дахин санал хураалт болох ёстой сонгогчдын ирц тааруу үзүүлэлттэй байжээ.
Дулааны станц барина
Цаасан дээр төлөвлөөд багагүй хугацаа өнгөрсөн дулааны станцыг барих ажлыг эхлүүлэхээр болсон нь өнгөрөгч долоо хоногийн чухал үйл явдлын нэг байв. Засгийн газрын хуралдаанаар Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны нутагт дэвсгэрт “УС-15” халаалтын зуухны газрын дэргэд 300 MBт хүчин чадалтай дулааны станц барих техник, эдийн засгийн үндэслэл боловсруулахад шаардагдах 200 сая төгрөгийн хөрөнгийн асуудлыг судлаж, шийдвэрлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасан юм.
Дулааны станцын байршил газрыг чөлөөлөх, дэд бүтцийг шинээр байгуулах нөхцөлийг судлаж шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Эрчим хүчний сайд, М.Сономпил, Байгаль орчин ногоон хөгжлийн сайд С.Оюун нарт үүрэг болголоо.
Хотын зүүн талд дулааны үүсгүүртэй болсноор сүлжээний горим, ажиллагаа сайжирч, дулаан хангамжийн чанар дээшлэж, 20 мянга гаруй айл өрхийн орон сууцны дулааныг хангах боломжтой гэж үзэж байна.
Экс Ерөнхийлөгчийг шүүх хурал болсонгүй
Дээд шүүхэд өнгөрөгч баасан гаригт товлогдсон экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр, иргэн Д.Дуламсүрэн, Д.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал нарт холбогдох хэргийн шүүх хурал долоо хоногийн хугацаагаар хойшилсон юм. Шүүх хуралд оролцохоор бичгээр хүсэлт гаргасан Н.Энхбаярын өмгөөлөгч О.Сайнгэрэл эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасан юм. Дээд шүүх Эрүүгийн байцаан шийтгэх заасны дагуу хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг долоон хоногоор хойшлуулав.
Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунбилэг шүүх бүрэлдэхүүнд хандан шүүх бүрэлдэхүүн томилсон танилцуулах хүсэлт гаргасан. Дээд шүүхийн хурал эхлэх үеэр Н.Энхбаярын өмгөөлөгч, С.Нарангэрэл хурлын товыг албан ёсоор өөрт нь зарлаагүй гэх үндэслэлээр шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан. Дээд шүүхээс С.Нарангэрэлийг хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэжээ.
Дашрамд дурдахад, анхан болон давж заалдах шатны шүүх хурлаас экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг Эрүүгийн хуулийн 263.2, 150.3-т зааснаар яллагдагчаар татан Сүхбаатар дүүргийн шүүхээс өнгөрсөн сарын 2-нд дөрвөн жилийн хорих ял оноож байв. Түүний хамсаатан Д.Дуламсүрэнд зургаан жил, До.Чулуунбаатарт 5.1 жил, Ж.Мягмаржаргалд зургаан жилийн хорих ялыг тус тус оноосон юм. Гэхдээ 2009 онд гарсан Өршөөлийн хуулийн дагуу шүүгдэгч нараас тус бүр гурван жилийн ялыг хасаж Н.Энхбаярт дөрөв, Ж.Мягмаржаргал, Д.Дуламсүрэн нарт гурав, До.Чулуунбаатарт 2.1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасан билээ.
Таван гишүүн тангараг өргөсөнгүй
УИХ-ын танхим өнгөрөгч долоо хоногт элэг бүтэн болох учиртай ч чуулганы хуралдаан товлосон цагтаа болсонгүй.
Уг нь УИХ-ын сонгуульд Өвөрхангайн тойрогт нэр дэвшигч АН-ын Г.Батхүү, М.Зоригт нар УИХ-ын гишүүний тангараг өргөх байсан юм. Түүнчлэн МАН-ын гишүүн У.Хүрэлсүхийн оронд МАН-аас жагсаалтаар нэр дэвшигч Д.Сарангэрэл, МАХН-аас намын жагсаалтаар нэр дэвшигч Ц.Оюунбаатар, Баянзүрх дүүргээс нэр дэвшсэн С.Арвин нар тангараг өргөх байв. Дашрамд сонирхуулахад МАХН-аас намын жагсаалтаас нэр дэвшигч Ц.Оюунбаатар facebook хуудастаа “Би өнөөдөр тангараг өргөхгүй. Н.Энхбаяр даргын хуралд хяналтаар сууж байна” гэж бичсэн эрх зүйн дулимаг мэдлэгээ харуулж олон нийт шүүмжлэхэд хүргэсэн. Учир нь дээд Шүүхийн эрүүгийн хэргийн нээлттэй хуралдаанд иргэн хөндлөнгийн ажиглагчийн үүднээс оролцож болохоос биш хяналт тавих үүрэг нь хуулиараа хаалттай байдаг.Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ