“Төрийн мэдээлэл” гарлаа

img

“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн шинэ дугаарт, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийг нийтэллээ. Хот суурины хэрэглэгчийг стандартын шаардлагад нийцсэн цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах, цэвэрлэх зориулалттай инженерийн барилга байгууламжийг өмчлөх, ашиглахтай холбогдсон харилцааг уг хуулиар зохицуулах юм. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын талаарх төрийн байгууллагын бүрэн эрх, ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн бүтэц, зохион байгуулалтын талаарх мэдээллийг эмхтгэлээс авах болно.

Ус хангамж, ариутгах татуургын тусгай зөвшөөрөл, техникийн нөхцөл болоод шугам сүлжээний ашиглалт, өмчлөлийн талаар хуульд хэрхэн тусгасныг “Төрийн мэдээлэл”-ийн хуудаснаас мэдэх боломжтой.

Бүгд Найрамдах Итали Улсад ЭСЯ нээн ажиллуулах тухай болоод Хуулийн төсөл буцаах тухай УИХ-ын тогтоолыг нийтэллээ.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг нийтлэв.

Уг дүгнэлтэд, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалтад "гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж,улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан;" гэж заасан нь Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн "Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ.", Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "... хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.", мөн зүйлийн 2 дахь хэсгийн "Хүнийг... эрхэлсэн ажил, албан тушаал... -аар нь ялгаварлан гадуурхаж үл болно." гэснийг тус тус зөрчсөн байна хэмээн үзжээ. Дээрх  заалтыг  2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэх шийдвэрийг гаргажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ