Улстөрчид гэж сонин юм даа
Юм гэж мөн ч сонин юм. Одоо цагт мөнгөтэй, мэдэлтэй бүхний амь бие, алт мөнгөө үл хайхран зүтгэх УИХ-ын гишүүн хэмээх халдашгүй дархан албан тушаалд очно гэдэг тэнгэрийн умдаг атгахтай адил. Тэгвэл тэр тэнгэрийн умдгийг атгана гэдэг зарим нэгний хувьд хачирхмаар амархан байхад, өөр нэгнийх нь хувьд алганыхаа хонхрыг хазахтай адил ажгуу. Ийм жишээг монголчуудад үзүүлж байгаа улстөрийн хүчин бол МАХН. Бүр нэр цохож хэлбэл З.Баянсэлэнгэ, Ц.Оюунбаатар нар юм. Хэн нэгэн нөмөртөн, нөөлөгтний ивээл дор гүйж яваад гишүүний сэтэр зүүх хамгийн амархан бөгөөд, азтай жишээг З.Баянсэлэнгэ харуулж байгаа бол яг УИХ-ын гишүүн болохын даваан дээр уйлан дуугарч гүйгээд ч нэмэргүйгээр хадны завсарт хавчуулагдаж яваа нэгэн Ц.Оюунбаатар. Ийм л эсрэг тэсрэг “юм”-ыг МАХН үзүүлж байна. Ардчилсан нам Өвөрхангайн хоёрыгоо парламентад оруулахаар зүтгэж, хариуд нь МАН-ын гишүүд чаддаг ганц мэх болж хувирсан ажил хаялтаа үргэлжлүүлээд парламентыг гацаанд оруулчихлаа. Эндээс харахад гишүүнийхээ суудлыг хоёроор нэмэх гэсэн АН ч тэр, Д.Сарангэрэл, Д.Арвин нарынхаа бүрэн эрхийн хугацаанаас хумслаад ч болтугай Өвөрхангайн хоёрыг УИХ-д оруулахгүй байх санаатай МАН ч тэр нийлж байгаад парламентыг цаашлаад улс орны хөгжлийг гацаанд оруулж байгааг бид харж байна. МАН, АН-ын үүсгэсэн “Зэлтэрийн гацаа”-н дээр яаж дутах вэ гэсэн шиг МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл ч чадлынхаа хэрээр хүч нэмж улстөрийг гацааж байна. СЕХ-ны даргаас УИХ-ын сонгуулийн дараа Ерөнхийлөгчид өргөн барьсан гишүүдийн нэрс дунд Ц.Оюунбаатарын нэр уг нь байсан юм.
Тэрээр З.Баянсэлэнгээсээ ч түрүүлээд УИХ-д суучих байлаа. Харамсалтай нь СЕХ тангараг өргөх эрхийг нь баталгаажуулчихаад байхад нам нь Ц.Оюунбаатарыг зөвшөөрөхгүй ээ, оронд нь Н.Энхбаяр эсхүл Н.Батшугар нар гишүүн болох ёстой гэх нь тэр. Н.Энхбаярын гар, хөл үнэхээр урт юм. Өөрийгөө дагасан журмын нөхдөө, нэг намынхнаа яаж ч хөдөлгөж чадахаа тэр бүрэн утгаар нь торны цаанаас харуулж байна.
АН, МАН хоёр Өвөрхангайгаас болоод гацаатай, МАХН өөрийнхөө гишүүнээс болоод гацаатай гажиг гэмээр улстөр Монголд үргэлжилсээр байна.
Бүх л шатандаа ялагдал хүлээж улстөрийн тавцнаас арчигдах шахаж буй МАН Г.Батхүү, М.Зоригт нарыг хүлээн зөвшөөрч гацаа арилах уу, омогшиж оодорч буй АН сөрөг хүчиндээ буулт хийж гацаа арилах уу. Аль эсхүл МАХН Ц.Оюунбаатараа УИХ-д оруулахгүй гэж гэдийснээ больж гацаа арилах уу. Ц.Оюунбаатар нь алганыхаа хонхорхойг хазах гэхээ больж УИХ-аас татгалзах уу. Энэ олон гацааны алинаас нь яаж гарах вэ.
УИХ-д нэг ч гэсэн суудал нэмэхийн төлөө хоёр нам нь АН, МАНа ач тач үзэлцэж байхад, өөр нэг нам нь өөрөө өөртэйгөө үзэлцэж гайхашруулах.
Улстөрчид гэж мөн ч сонин юм даа. Тэд юун биднийг бодох...
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ