
Саяхан болсон орон нутийн сонгуулиар босго оноог давж чадаагүй Сонгинохайрхан дүүрэгт УИХ-ын сонгуульд нэр дэвшигч Л.Эрхэмбаяр, Д.Сумьяабазарын нар дунд санал хураалт болоогүй. Учир нь АН-аас нэр дэвшигч Л.Эрхэмбаяр шүүхэд хандсан байсан юм. Түүний нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүх хэлэлцэж шийдвэрээ гаргажээ.
Нэхэмжлэгч тал болох Л.Эрхэмбаяр нь УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн хорооны 48 дугаар тогтоол болох “Л.Эрхэмбаяр, Д.Сумъяабазар нарын авсан санал хуульд заасан хувь хэмжээндээ хүрээгүй гэх үндэслэлээр дахин санал хураалт явуулах” гэснийг үгүйсгэн, 43 дугаар тогтоолыг гаргаж ирэн маргаан үүсгэсэн билээ. 43 дугаар тогтоолд “УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн 43 дугаар тогтоол батлагдсан гэдгийг хүлээн зөвшөөрөх. Мөн нэр дэвшигч Л.Эрхэмбаярт тойргийн хорооноос УИХ-ын гишүүний түр үнэмлэх олгох” тухай шийдвэрлэсэн аж. Харин Захиргааны хэргийн шүүх энэ асуудлыг хэлэлцээд сонгуулийн тойргийн хороо шийдвэрээ хуулийн дагуу гаргасан хэмээн үзэж түүний нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзлаа.
Ингэснээр Л.Эрхэмбаярын дахин санал хураалт явуулахгүй, гишүүн болох гэсэн санаа нь хэрэгжихгүй болов. Шийдвэрийг талууд эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. Хэрэв давж заалдахгүй, шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрвөл УИХ-ын 26 дугаар тойрогт дахин санал хураалт болно. Шүүхийн эцсийн шийдвэр гараад сонгуулийн тойргийн хорооны шийдвэрийг хэвээр үлдээвэл эс хүссэн ч дахин санал хураалт явуулж, хэн нь УИХ-ын гишүүнээр сонгогдох нь тодорхой болно. Дахин санал хураахад ирц хүрэхгүй байсан арай илүү санал авсныг УИХ-д өргөн мэдүүлж тангараг өргүүлэх хуультай аж.
Эх сурвалж: times.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ