
Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл өнөөдөр Тираннозавр Батаартай холбоотой сүүлийн үеийн мэдээллийг сэтгүүлчдэд өглөө. Сүүлийн үеийн мэдээгээр үлэг гүрвэлийн ясыг Монголоос хууль бусаар гаргасан хэрэгт сэжиглэгдээд байгаа Эрик Прокопи Нью-Йорк хотын шүүхэд хандаж “АНУ-ын Засгийн газар “Хэритэж Аукшин” компанийн байранд байсан Тираннозавр Батаарын ясыг хурааж авсан нь хууль бус байсан” гэсэн гомдлыг гаргасан байна.
Үүний дараагаар Монгол Улсын Засгийн газарт хандаж “Үлэг гүрвэлийн араг ясыг Монгол Улсын өмч гэж үзэн АНУ-ын Засгийн газар хурааж авсан. Хэрвээ та бүхэн үүнийг үнэхээр Монгол Улсынх мөн гэдгийг баталж чадвал бид Эрик Прокопийн өргөдлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Харин нотолж чадахгүй бол үлэг гүрвэлийн араг яс Эрик Прокопийнх болж магадгүй байна” гэсэн захидлыг өнгөрсөн есдүгээр сард ирүүлсэн байна. Үүний дагуу Хууль зүйн яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яам хамтарч ажиллан үлэг гүрвэлийн яс Монголынх гэдгийг нотлох олон баримт явуулжээ. Үүний дараа арваннэгдүгээр сарын 13-нд Нью-Йорк хотын шүүгч П.Кевин Кастел шийдвэр гаргаж, Эрик Прокопийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.Улмаар Эрик Прокопид АНУ-ын прокуророос худал мэдүүлэг өгсөн, гааль дээр худал мэдүүлсэн, их хэмжээний үнэт зүйлийг олон улс дамнуулан хулгайлсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн. Хэрвээ түүний гэм буруутай нь тогтоовол Эрик Прокопид 23 жилийн хорих ял оноох юм. Мөн Батаарын араг ясыг Монголд буцаах эсэх шүүх хурал энэ сард болох юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ