Манай улс оюуны спортоор дэлхийд ноёлох цаг ойрхон байна

img

Оюуны олимпод эх орноо төлөөлөн оролцсон тамирчид мэдээлэл хийлээ. Энэ үеэр Оюун ухааны академийн захирал, ой тогтоолтын олон улсын мастер Х.Хатанбаатар тамирчдын хамт хүрэлцэн ирсэн юм. Хурлын үеэр оюун ухааны академийн захирал, ой тогтоолтын олон улсын мастер Х.Хатанбаатараас дараахь тодруулгыг авлаа. -Ой тогтоолтын тэмцээн хэд дэх жилдээ зохиогдож байгаа вэ? -1991 оноос хойш 21 дэх жилдээ зохиогдож байгаа. Цээж бодолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хоёр жилд нэг удаа,  хурдан уншлагын тэмцээн гурван жилд нэг удаа тус тус зохиогддог. -Оюуны олимпийн талаар товч тайлбар өгөөч? -Дэлхийн оюуны олимп нь дөрвөн жилд нэг удаа зохиогддог  том тэмцээн юм. Энэ удаагийн тэмцээн нь “Мемориад 2012” гэсэн нэртэйгээр Турк улсын Антали хотод болж өнгөрлөө. Уг тэмцээнд 20 гаруй орны 89 оюуны спортын тамирчид цээж бодолтын тав, ой тогтоолтын тав, нийт арван төрөлд мэдлэг чадвараараа өрсөлдлөө. Дэлхийн оюуны спортод тэргүүлдэг 20 тамирчны 13 нь энэ удаагийн тэмцээнд оролцсоноороо онцлогтой болж өндөрлөлөө. -Манай орноос хэдэн тамирчин, ямар ямар төрлөөр  оролцов? -Эх орноо төлөөлж нийт зургаан тамирчин цээж бодолт, харааны ой тогтоолт, хөзрийн дараалал тогтоох гэсэн гурван төрлөөр өрсөлдсөн. Уг тэмцээнд оюун ухааны академийн захирал миний бие, цээж бодолтын дэлхийн аварга Т.Мягмарсүрэн, ой тогтоолтын олон улсын их мастер С.Акжол, ой тогтоолтын олон улсын их мастер С.Цогбадрах, Б.Анар, Б.Ганбаяр гэсэн бүрэлдэхүүнтэй оролцсон байгаа. -Гаргасан амжилтынхаа талаар сонирхуулбал? -Хөзрийн дараалал тогтоох төрөлд ой тогтоолтын олон улсын их мастер С.Акжол маань 52 ширхэг хөзрийг цээжилж, 51 секундийн хугацаанд алдалгүй нэрлэж чадсанаар мөнгөн медаль хүртсэн. Б.Ганбаяр мөн адил 53 секундэд алдалгүй нэрлээд тавдугаар байранд орсон. Харин цээж бодолтын төрөлд цээж бодолтын дэлхийн аварга Т.Мягмарсүрэн маань энэ төрөлдөө дахин түрүүлж дэлхийн аварга гэдгээ баталсан байгаа. Улмаар харааны ой тогтоолтын төрөлд ой тогтоолтын олон улсын их мастер С.Цогбадрах харааны ой тогтоолтоор дэлхийн рекордыг шинэчилж аварга болсон. Секунд бүрт анивчин солигдох 300 цифрийг 300 секундэд алдалгүй санаж дэлхийн шинэ амжилт тогтоосон. -Тамирчдын бэлтгэл ямар төвшинд байв аа? -Тамирчид маань хоёр жил гаруй, нэг жил зэрэг харилцан адилгүй хугацаанд бэлтгэгдсэн. Оюуны спортод тамирчдын хичээллэсэн хугацаа бус, чанар чухал. Цогбадрах, Акжол нар хоёр дахь удаагаа тэмцээнд оролцож байна. Харин бусад тамирчид маань энэ жил анх удаагаа дэлхийн хэмжээний тэмцээнд оролцож байна. -Оюуны спортоор хичээллэхэд хүндрэлтэй зүйл нь юу байдаг вэ? -Энэхүү спортоор амжилт гаргахын тулд их хөдөлмөрлөх шаардлагатай. Өдөрт багадаа л 8-12 цаг хичээллэж байж үр дүнгээ өгдөг. Мөн чимээгүй тайван орчинд бэлтгэлээ хийх шаардлагатай байдаг. Бэрхшээлгүй ажил гэж хаана ч байхгүй. -Дуу чимээгүй орчинд бэлтгэлээ хийдэг гэлээ. Бэлтгэлийн байрны тухайд? -Ширээ, сандал л байхад болчихдог. -Энэ төрлийн спортод төрөөс дэмжих дэмжлэг хэр байна вэ? -Ер нь төр, Засгийн газрын дэмжлэг хангалтгүй байдаг. Энэ төрлийн спортыг төрөөс дэмжээд өгвөл манай улс оюуны спортоор дэлхийд ноёрхох цаг ойрхон байна. -Санхүү, мөнгөний асуудлаа хэрхэн зохицуулдаг вэ? -”Асашёорюү” сан, “Flour” компани аяллын болон бусад зардал дээр дэмжин ажилладаг юм. Б.Батбаатар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mash sain bna bayar hurgie
2012-12-04