
Энэ сарын 3-7-ны өдрүүдэд Ром хотноо болж байгаа НҮБ-ын ХХААБ-ын Зөвлөлийн 145 дугаар хуралдаанд Монгол Улсаас тус байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Ш.Одонбаатар тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
Байгууллагын техникийн хороонуудын 2012 оны хуралдаануудын тайлан, 2010-11 оны хөтөлбөрийн хэрэгжилт, 2012-13 онд хийгдэх бүтцийн өөрчлөлт болон байгууллагын стратегийн зорилтуудын шинэчлэл ба 2014-17 оны үйл ажиллагааны дунд хугацааны төлөвлөгөө зэрэг байгууллагын дотоод асуудлуудыг хэлэлцэж шийдвэр гаргах энэ удаагийн хуралдаан нь ХХААБ-ын үйл ажиллагааг илүү үр дүнд чиглэсэн, оновчтой бөгөөд төлөвлөлттэй болгон шинэчлэх зорилтуудыг хэрэгжүүлэхэд түлхэц үзүүлнэ гэж гишүүд итгэж байна.
Манай орны хувьд НҮБ-ын ХХААБ-тай 1973 оноос хүнс, хөдөө аж ахуй, байгалийн нөөцийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллаж ирсэн бөгөөд тус байгууллагын Ерөнхий захирал энэ оны 10 дугаар сарын 4-5-ны өдрүүдэд анх удаагаа Монголд айлчилсан нь ихээхэн ач холбогдолтой арга хэмжээ болсон юм. Энэхүү айлчлалын үеэр талууд тус байгууллагатай ирэх 5 жилд хамтын ажиллагааг бэхжүүлж, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх тухай Санамж бичигт гарын үсэг зурж, 2012-2016 онд хамтран ажиллах хөтөлбөрийн хүрээг эцэслэн тохирсон бөгөөд цаашид ХХААБ-ын байнгын төлөөллийг Монголд бий болгох талаар яриа хэлцээг эхлээд байна.
Дэлхийн нийтийн хэмжээнд хүнсний хангамж аюулгүй байдлын асуудал хурцаар тавигдаж байгаа энэ үед хүн амыг хүнсээр, үйлдвэрлэлийг түүхий эдээр хангадаг хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газраас ихээхэн анхаарал хандуулж байгаа бөгөөд үүнд хүнс, хөдөө аж ахуйн асуудал хариуцдаг НҮБ-ын ХХААБ-тай тогтоосон хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх, үр бүтээлийг нь нэмэгдүүлэх зорилт тавьж байгаагийн нэг илрэл нь Монгол Улс тус байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчийн газрыг Ром хотноо нээн ажиллуулах болсон явдал юм хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ