Луу дээшээ цойлж байна

img

1,3 тэрбум хүн амтай орныг ирэх 10 жилд удирдаж, Ху Жиньтао тэргүүтэй “дөрөвдэх үеийн” удирдагчдаас өвлөн үлдсэн олон амаргүй асуудлыг шийдвэрлэхээр зорих хятадын шинэ удирдагч Ши Зиньпин гэгч хэн бэ? Тэр дэлхийн хамгийн томоохон улс төрийн намын жолоог атгах нь  нэлээд эрт тодорхой болсон билээ.  ХКН-ын ТХ-ны цэргийн зөвлөлийн орлогч даргаар сонгогдсон 2010 оны аравдугаар сараас хойш шинжээчид  шинэ удирдагчид түүний нэр дэвших тухай нухацтай ярьж эхлэсэн юм. Тус оронд тогтсон төр, засгийн залгамж шинжийн уламжлал ёсоор, энэ томилгоо нь  нам, төрийн дээд албан тушаалд гарахын өмнөх зайлшгүй гишгэх шат байдаг. Тийнхүү “тав дахь үеийн” удирдагчдын тэргүүний хувиар Ши Зиньпин  хэрвээ  мэдээжээр ямар нэгэн урьдчилан таах аргагүй явдал болохгүй бол, 2023 он хүртэл Хятадыг удирдана. Ши Зиньпин 1953 онд Бээжинд төржээ, гэвч Шэньси мужийн Фупин гацааны уугуул гэж албан ёсны намтарт бичсэн байдаг байна.  Үнэндээ бол түүний эцэг, нэрт хувьсгалч, ХКН-ыг үндэслэгчдийн нэг Ши Жунсюнь энэ нутгийн хүн юм. Тийнхүү, угсаа гарвал нь Хятадын ирээдүйн удирдагчийн  цаашдын замыг урьдчилан  зааж өгчээ  хэмээн хэлж болохоор байна. Гэвч албан тушаалын өндөрлөгт гарах хүртлээ Ши Зиньпин хамгийн доод  шатнаас  удаан хугацааны туршид  өгсөж, тус орны янз бүрийн бүс нутагт маш янз бүрийн албан тушаалд ажиллахад хүрч байжээ. Ши Зиньпиний хүүхэд нас  аз жаргалтай байсан гэж хэлэх аргагүй. Бээжинд намын удирдах ажилтнуудын  хүүхдүүдийн элит сургуульд анх орсон тэр дунд боловсролоо хоцрогдсон Шэньси мужийн хөдөөгийн коммунд дуусгажээ. Тэнд тэр  хөдөлмөрчин ардын хамт гачигдал зовлон амсаж, анхны “амьдралын сургуулийг” дүүргэсэн байна. Түүний намтар түүхийн энэ баримтад гайхах зүйл огт байхгүй гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Хэлмэгдсэн эцэг, эхийнх нь хамт тус орны хамгийн алслагдсан нутагт явуулж байсан түүний үе тэнгийн олон хүүхдэд ийм хувь тавилан тохисон юм. Эцэг нь “их үсрэлтийн” бодлого, улс орныг эдийн засгийн сүйрлийн ирмэгт аваачсан тэр бодлого дампуурсны учир Мао Зэдунийг эр зориг гарган шүүмжилжээ. Ингэснээр 1962 онд Ши Жунсюньд “хувьсгалын эсэргүү”, “хуйвалдагч” гэсэн нэр хаяг зүүж, тэр үед БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогчийн албан тушаал хашиж байсан ч, түүнийг хэлмэгдүүлсэн байна. Гэвч ”эцэг нь нүгэл үйлдсэн” ч, хувь тавилан түүний хүүд таатай эргэж, 1970-аад онд “соёлын хувьсгалын” гэсгээлт зөөлөрч эхлэх үед ХКН-д элсэж, нэр хүндтэй дээд сургууль болох “Цинхуа” их сургуулийн хими-технологийн факультетад оржээ. Хятадын олон удирдагч энэ сургуулийг төгссөн юм. Түүний гэр бүлийн амьдралын хар зурвас 1978 онд дуусч, Дэн Сяопин тэргүүтэй шинэтгэгчдийг засгийн эрхэнд гарсны дараа Ши Жунсюнийг бүрэн цагаатгаж, тэр ч бүү хэл  өмнөд  нутгийн Гуандун мужийн тэргүүний албан тушаалд томилжээ. Энэ муж нь олон туршилтын хувьд шинэтгэл, нээлттэй бодллогын эхэн үеийн талбар байсан юм. Эцгийг нь цагаатгасанаар хүү Ши-д ирээдүйн ажил төрлийнх нь  хэтийн төлөв нээгдэж,  мэдээж бусдын дэмжлэгтэйгээр БНХАУ-ын төрийн зөвлөлийн канцелярийн газрын нарийн бичгийн дарга нарын газар  болон БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн канцелярийн газарт ажиллаж  эхлэсэн байна. Залуу Ши-гийн хувьд энэ нь эцгийн ивээлд Бээжинд төрийн албанд ажиллах сайхан гараа болжээ. Гэвч удалгүй тэр хөдөө нутагт өөрийн хүчийг сорихоор шийдсэн бөгөөд энэ нь ч талаар болоогүй байна. Намын бүх шатны ажлыг дамжсан нөхцөлд л Хятадад төрийн дээд албан тушаалд дэвших зам нээгддэг юм. 1983 онд Ши Зиньпин Хэбэй мужийн  Жэндин  гэдэг  жижигхэн гацааны намын хорооны нарийн бичгийн дарга болжээ. Хятадын бөглүү мужид энэ нь өндөр албан тушаал биш ч,  шинэ албанд нэг жил ажиллах хугацаандаа тэр  энэ нутгийн эдийн засгийн үзүүлэлтийг мэдэхдэхүйц өөд татаж,  гацааны аялал жуулчлалын чадавхийг хөгжүүлснээр төсөвт орох орлогыг нэмэгдүүлж чаджээ. Түүний хичээл зүтгэлийг дээд тушаалын хүмүүс анзаарч, тэгээд ч хятадын эдийн засгийн гайхамшигийг практикт хэрэгжүүлж байсан тэнгисийн эргийн Фузянь мужийн Сятэнь хотын орлогч даргын албан тушаал нь түүний  дараачийн томилолт болсон байна.  Эндээс Ши Зиньпин эдийн засгийн шинэтгэл хийх туршлага олж авч эхлэсэн гэж ажиглагчид үздэг юм. Фузянь мужид Ши 2002 оныг хүртэл янз бүрийн албан тушаалд ажиллажээ. Одоо эдийн засгийн хамгийн хөгжингүй мужийн нэгэнд тооцогдож байгаа зүүн нутгийн энэ мужид шинэтгэл, нээлттэй бодлогыг хэрэгжүүлэх бүх нарийн ширийн зүйлийг тэр өөрийн туршлагаар мэдэрч чадсан хэрэг. Хятадын ирээдүйн удирдагч 2002-2007 онд  хөрш Жэзян мужид ажиллаж,  бүс нутгийн эдийн засгийг хөгжүүлэх асуудлыг бас идэвхитэй шийдвэрлэж байжээ. 2007  онд Шанхай хотын намын хорооны нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдсоныг түүний улс төрийн албан тушаал дахь эргэлтийн үе гэж үзэж болно. Мөн оныхоо  аравдугаар сард тэр ХКН-ын ТХ-ны улс төрийн товчооны байнгын хороонд орж, түүний есөн гишүүний нэг болжээ. 2008 онд түүнийг БНХАУ-ын орлогч даргын албан тушаалд томилсон юм. Ши Зиньпинийг Ху Жиньтаогийн хамгийн магадлал ихтэй залгамжлагч хэмээн үзэж болох юм гэсэн яриа чухамхүү тэр үед гарч эхлэжээ. Хятадын шинэ удирдагчийн хувийн амьдралын тухай тодорхой зүйл бага хэдий ч, зарим нэг зүйлийг яалт ч үгүй хэлж болно. 1980-иад онд Фузянь мужийн стратегийн чухал ач холбогдолтой Сямэнь  хотын дэд даргын нэлээд өндөр албан тушаалд ажиллаж байхдаа, Ши Зиньпин тэгэхэд Хятадад нэрт дуучин Пэн Лиюаньтай гэрлэжээ. Түүний нэрийг хятадын айл бүр мэддэг бөгөөд түүнтэй гэрлэсэн нь  тэгэхэд Хятадад тийм ч нэрд гараагүй ирээдүйн намын удирдагчийн нэр алдар ард түмний дунд өссөн байна. Пэн Лиюань  эх орноо хайрлах тухай эх оронч сэдэвтэй дууг ардын дууны маягаар дуулж, тус орны дээд удирдагчдын оролцсон ёслолын арга хэмжээнд байнга оролцдог юм. Тэр генерал цолтой. Дашрамд дурдахад, Пэн Лиюань бол  Ши Зиньпиний хоёр дахь гэргий юм. Хятадын шинэ удирдагч Их Британид сууж байсан Хятадын элчин сайдын охинтой сууж,  ердөө гурван жил хамт амьдраад, зарим мэдээгээр, нийлэмжгүйгээсээ  болоод салжээ. Ши Зиньпин болон түүний одоогийн гэргий Пэн Лиюань хоёр насанд хүрсэн нэг  охинтой юм. Түүнийг Ши Минзэ гэдэг бөгөөд АНУ-ын Гарвардын их сургуульд сурдаг гэсэн  мэдээ байдаг. Ши Зиньпинь бусадтай  харилцахдаа хүлээцтэй, хүндэтгэлтэй хандаж, ярилцагч хүнээ өөртөө татаж чаддаг нь ажиглагджээ. Тэр ажил төрөлдөө бодит байдлыг баримталдаг, прагматик үзэлтэн юм.  Түүнийг тулааны урлаг, хятадын амьсгалын цигун дасгалаар хичээллэдэг гэж ярьцгаадаг. Улс төрчийн хувиар Ши Зиньпин зүүн нутгийн тэнгисийн эргийн мужуудад төлөвшсөн бөгөөд  энэ нутгийн эдийн засгийн эрчимтэй хөгжлийн нөхцөлд түүний ертөнцийг үзэх үзэл бүрэлдэн тогтсоныг тэмдэглэхэд илүүдэхгүй. Хятадын зүүн нутгийн хамгийн эрчимтэй хөгжиж буй  мужуудад ажилласан туршлага нь талаар болохгүй бөгөөд шинэ албан тушаалд энэ туршлагаа ашиглана хэмээн хэлж болно. *** Хятадын шинэ удирдагчид. Тэд хэн бэ? Хятадын намын  шинэ удирдлагын гол цөм болох ХКН-ын ТХ-ны улс төрийн товчооны байнгын хорооны бүрэлдэхүүн есөн хүнтэй байсныг долоо болгож цөөрүүлсэн юм. Эрх баригч намын хоёр дахь хүн нь ХКН-ын ТХ-ны шинэ улс төрийн товчоонд хэвээр үлдсэн Ли Кэцян болж байна.  Чухамхүү түүнийг 2013 оны гуравдугаар сард Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын  ээлжит чуулган  дээр БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайдын албан тушаалд очно гэж үзэж байна. Ли Кэцян 1955 онд Хятадын зүүн нутгийн Аньхой мужид төржээ. 1980-иад онд Ху Жиньтаогийн удирдаж байсан хятадын комсомолын байгууллагаас  ажлын гараагаа эхлэсэн байна. 2004-2007 онд зүүн хойд нутгийн  Ляонин мужийн намын хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж, 2007 онд  ХКН-ын ТХ-ны улс төрийн товчооны бүрэлдэхүүнд оржээ. 2008 онд Ли Кэцян БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогчоор томилогдсон юм. Энэ албан тушаалдаа эдийн засгийн асуудал хариуцдаг байна. Шинэ долоогийн дараачийн хүн нь ерөнхий сайдын орлогч бөгөөд Чунцин хотын намын хорооны нарийн  бичгийн даргын үүргийг хавсран гүйцэтгэж байсан Жан Дэзян болов. Жан Дэзян 1946 онд  зүүн хойд нутгийн Ляонин мужид төржээ.  Зилинь мужийн Яньбяны их сургуулийн солонгос хэлний факультет, түүнчилэн БНАСАУ-ын Ким Ир Сений нэрэмжит их сургуульд боловсрол эзэмшиж, энд эдийн засгийн факультетыг төгсгөсөн байна. Улс төрчийн хувиар 1970 онд Зилинь мужийн гацааны  комсомолын хорооноос ажлын гараагаа эхлэжээ. Мөн Жэцян, Гуандун мужид намын хариуцлагатай албан тушаалд ажиллаж байв. 2008 оны гуравдугаар сараас БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогчоор ажиллаж,  засгийн газарт аж үйлдвэр, алсын холбоо, тээвэр, эрчим хүчний асуудал хариуцдаг байна. ХКН-ын ХVIII их хурлаас ХКН-ын ТХ-ны шинэчлэгдсэн улс төрийн товчооны бүрэлдэхүүнд орсон Юй Жэншэн намын дээд удирдлага дахь шинэ хүн  болов. 1945 онд Жэзян мужийн  Шаосин хотод төржээ. Харбины цэргийн инженерийн дээд сургуулийг “Баллистик пуужингийн  автомат  удирдлага” гэсэн мэргэжлээр төгссөн байна.  Энэ туршлагатай улс төрч олон албан тушаалд ажиллаж, Шаньдун мужид намын ажил хийж, 1998-2001 онд БНХАУ-ын барилгын яамыг тэргүүлж байв.  2007 оноос Шанхай хотын намын хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байна. Умард нутгийн Шаньси мужийн уугуул ХКН-ын ТХ-ны суртал нэвтрүүлгийн хэлтсийн эрхлэгч 65 настай Лю Юньшань ч намын удирдлагын дээд бүрэлдэхүүнд оров. Өвөр Монголын өөртөө засах орны багшийн сургууль төгсчээ.  Энэ бүс нутагт удаан хугацаагаар янз бүрийн албан тушаалд, түүний дотор Синьхуа агентлагийн сурвалжлагчаар ажиллаж байсан байна. 1993 онд Бээжинд ХКН-ын ТХ-ны төв аппаратад шилжин ирж, 2002 онд ТХ-ны суртал нэвтрүүлгийн хэлтсийн эрхлэгч  болжээ. Шинэ удирдагчдын жагсаалтын дараачийн хүн нь Ван Цишань юм. 1948 онд Хятадын умард нутгийн Шаньси мужийн Тяньжэнь хотод төржээ.  1976 онд Сианын их сургууль төгссөн байна. Түүхчийн мэргэжилтэй тэр хувь заяаны эрхээр  санхүү, бизнесийн салбарт шилжжээ. Дээд зэргийн эдийн засагч юм.  1997 оноос өмнөд нутгийн Гуандун мужийн намын хорооны удирдлагад сонгогджээ. 2007 онд ХКН-ын ТХ-ны улс төрийн товчооны гишүүн болж, 2008 онд БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогчоор томилогдсон байна.  Гадаад худалдаа, санхүүгийн салбарын асуудал хариуцдаг. Орос-хятадын эрчим хүчний комиссын хятадын хэсгийг тэргүүлж байна. Тус орны бас нэг дээд удирдагч нь Жан Гаоли юм. Тэр хятадын хамгийн нууцлаг зүтгэлтний нэг. 1946 онд Фузянь мужийн Зиньзян хотод төржээ. 1970 онд Сямэний их сургуулийн эдийн засгийн факультетыг  “Төлөвлөлт, статистик” мэргэжлээр төгсгөсөн байна. Гуандун мужийн нефтийн компанид 15 жилийн турш янз бүрийн албан тушаалд ажиллаж байжээ. 1997 оноос Хятадын хамгийн их эрчимтэй хөгжиж буй хотын нэг Шэньжэнийг  удирдаж  байв. 2002 оноос Шаньдун мужийн тэргүүн, намын хорооны нарийн бичгийн даргаар таван жил ажиллажээ.  2007 оны аравдугаар сард ХКН-ын ТХ-ны улс төрийн  товчооны гишүүнээр сонгогдсон байна. Олонхи нь тус орны зүүн болон өмнөд нутгийн хамгийн хөгжингүй мужуудад ажиллаж байсан туршлагатай хүмүүс улс төрийн товчооны байнгын хорооны одоогийн бүрэлдэхүүнд орсон нь  тэдэнд эдийн засгийн шинэтгэл хийх туршлага бийг гэрчилж буй хэрэг юм гэж ажиглагч нар тэмдэглэж байна.  Харин энэ салбар нь ойрын жилүүдэд Хятадын хувьд тэргүүлэх чиглэл болох нь илт байна. Хөрвүүлсэн С.Золбоо Эх сурвалж: Оросын “Эхо планеты” сэтгүүл.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ