Н.Батцэрэг: Засгийн газраас гарах эсэхийг эвслийн удирдах зөвлөл шийднэ
МАХН-ын Гүйцэтгэх товчоо өчигдөр орой хуралдаж, хамтарсан засгаас гарах шийдвэр гаргасан. Түүнчлэн өнгөрөгч долоо хоногт УИХ дахь “Шударга ёс”эвслийн бүлгийн гишүүд чуулганы хуралдаандаа оролцохгүй гацаанд оруулсан гээд олны анхаарал татсанз мэдээллүүд хэвлэлээр цацагдаад буй. Үүнд тус бүлгийн дарга Н.Батцэрэгийн байр суурийг сонслоо.
-УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд өнгөрөгч долоо хоногт чуулганы хуралдааныг хойшлуулсан гэсэн мэдээлэлд тайлбар өгөөч?
- УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн ирц бүрэн биш байсан. Дээр нь МАН-ын гишүүд хуралдаа суугаагүй. Парламентад олонх суудалтай АН, цөөнхийг бүрдүүлж байгаа МАН-ын гишүүд чуулганы хуралдаандаа суугаад асуудлаа хэлэлцэх боломжтой шүү дээ. Түүнээс биш “Шударга ёс” эвслийн бүлгээс болж, хуралдаан хойшилсон юм биш. Гэхдээ өнгөрөгч долоо хоногт таван гишүүн тангараг өргөх ёстой байсан. Тэдний заримынх нь асуудал шүүхээр маргаан нь эцэслэн шийдэгдээгүй байхад УИХ-ын гишүүний тангараг өргөх болоод байна. Үүнд манай бүлгийн зарим гишүүд, шүүхийн байгууллагын процесс эцэслэн шийдэгдсэний дараа маргаантай байгаа гишүүд тангараг өргөх ёстой гэсэн байр суурьтай байгаа.
-“Шударга ёс” эвслийн 11 дэх гишүүний асуудал маргаан дагуулаад байгаа юм биш үү?
-СЕХ “Шударга ёс” эвслийн зарим нэр дэвшигчдийг сонгуулийн өмнө бүртгэхээс татгалзсан нь хууль зүйн хувьд үндэслэл муутай шийдвэр байсан. Тиймээс энэ зөрчлийг хуулийн хүрэнд нэг мөрийн ойлголттой болгох ёстой. Манай бүлгийнхэн 11 дэх гишүүнтэй холбоотой асуудлыг хуулийн хүрээнд шийдэх учиртай гэж үзэж байгаа. Түүнээс биш 11 дэх гишүүний асуудлаас болж чуулганы хуралдаа суухгүй байгаа юм биш л дээ.
-МАХН-ын Гүйцэтгэх товчоо өчигдөр орой хуралдаж, Засгийн газраас гарахаа болсон. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
- “Шударга ёс” эвслийн нэг нам нь хамтарсан Засгийн газраас гарах шийдвэр гаргаснаар засгаас гарна гэсэн ойлголт байхгүй. Засгийн газраас гарах эсэх асуудлыг эвслийн Удирдах зөвлөл шийднэ. Удирдах зөвлөлөөр толгойлуулж эвсэл сонгуульд орсон учраас нэг нам дангаараа энэ асуудлыг шийдэхгүй л дээ. Харин нам дотроо шийдэж болно. Хууль зүйн хувьд дангаараа гарах нь зөв шийдэл биш.
-Удирдах зөвлөл хэзээ хуралдах юм бол?
-Хурлын тов гараагүй
-“Шударга ёс” эвсэл Ц.Оюунбаатарын оронд Э.Батшугарыг тангараг өргүүлнэ гэсэн мэдээлэл ч чих дэлсээд байна л даа. Хууль зүйн хувьд хэр үндэслэлтэй юм бэ?
- Эвслийн Удирдах зөвлөлийн ярилцах асуудал. Биднийг нэр дэвшүүлэх, дараалалд оруулах асуудлыг Удирдах зөвлөл шийдсэн. Тиймээс энэ асуудлыг анхаарах ёстой. Миний мэдэж байгаагаар эвслийн Удирдах зөвлөлийн даргын гарын үсэгтэй албан тоот Сонгуулийн ерөнхий хороонд очсон юм билээ. Тэгэхээр энэ албан бичгийнхээ хариуг хүлээе гэж байгаа юм.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ