
Өнгөрсөн оны хавар Филиппиний зүүн эргийг хамарсан хүчтэй хар шуурга дэгдэж, үер болж хөрсний нуралт үүсч 1200 орчим хүний амь насыг аван одсон харамсалтай түүх бий.
Харин энэ салхитай төстэй, хүчний хувьд ч ялгаагүй хар салхи үүсч Филиппинийг чиглэж байгааг Үндэсний гамшиг судлалын хүрээлэнгээс мэдээлжээ. Тус хүрээлэнгийнхний ажиглалтын салбарт өнөөдөр үүрийн 04:45 цагийн орчимд хар салхи илэрсэн байна. Урьдчилан тооцоолсноор салхины хурд 110 км цагийн хурдтай байгаа аж. Хамгийн түрүүнд гамшигт өртөж болзошгүй бүс нутагт Банганга хот ороод байгаа юм. Банганга хот сая гаруй хүн амтай, нийслэлээс алс зайдуу оршдог хот. Орон нутгийн засаг захиргаа болоод гамшгаас сэргийлэх албаныхан ард иргэдэд анхаарал болгоомжтой байхыг албан ёсоор сануулж байна.
Эргийн бүсийн нутгийн хөрсний онцлог болоод нам дор газар зэргээс хамааран үер, хөрсний гулгалт зэрэг гамшигт үзэгдлүүд илүүтэй нүүрлэдэг. Хөрс нь сул байдаг учраас модод үндсээрээ сугарч шидэгдэж аюул тарих нь их байдаг талаар гамшиг судлалын хүрээлэнгээс мэдээлжээ.
Энэ он гарснаас хойш Филиппинд таван удаа хүчтэй хар салхи шуурсан байна. Энэ удаагийн хар салхи хамгийн хүчтэй нь байж мэднэ хэмээн оршин суугчид эмээж, орон гэрээ орхиход бэлэн байгаагаа хэлсэн аж.
Одоогийн байдлаар цаг агаар нутгийн ихэнх хэсгүүдээр тогтуун байгаа ч далайн давалгаа хүчтэй болж байгааг анхааруулан загасчлал болон бусад далайн эрэг орчмын үйлчилгээг хаах тушаал гаргажээ.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ