Бирмийн босогчдыг яллана

img

Бирмийн зэсийн ордыг тойрсон олон асуудал байдгийн нэг нь сүүлийн үед нэлээд хурцадмал байдалд ороод буй босогчдын асуудал болжээ. Бослого тэмцэл эхэлснээс хойш цагдаа,  уурхайчид,  ард иргэдийн хооронд нэлээдгүй хагарал үүссэн байсныг Рангун хотын шүүхээр  шийдвэрлэх болоод байна. Өнөөдрийн байдлаар босогчдын толгойлогч болоод найман хүнийг баривчидсан бөгөөд хуулиас гажууд замаар бослого, жагсаал зохион байгуулсан хэмээн тэдгээр хүмүүст ял оноохоор хэлэлцэж байгаа аж.  Харин баривчлагдсан хүмүүс энэ бүхэн шударга бус үйлдэл хэмээн ялаас татгалзаж,  бослогоо үргэлжлүүлнэ гэжээ. Цэргийн хатуу дэглэмээс татгалзаж, ардчилсан тогтолцоонд шилжиж байгаа энэ үед ард иргэдийнхээ дуу хоолойг сонсолгүй, харин ч ял оноохоор завдаж байгааг ард иргэд болон бусад улс төрийн ажиглагчид шүүмжилж байгаа юм. Бослогын үеэр олон тооны хүмүүс цагдаа нартай мөргөлдөж гэмтэж, шархадсан. Бослогод оролцсон лам хуврагууд ч үймээний үеэр гарсан галд түлэгдэж шархдан эмнэлэгт хүргэгдээд байгаа юм. Одоогоос хоёр жилийн өмнө Бирмийн тариаланч, фермерчдийн газрыг хураан авч шинэ байшин барьж өгч, илүү  тохилог ферм нээж өгнө хэмээн хууран мэхэлж газрыг нь аваад уурхайн чиглэлээр ашиглаж эхэлсэн нь ийнхүү  иргэдийн бослого тэмцэлтэй тулгараад байгаа юм. Нутгийн иргэд энэ бусармаг явдлыг зөвхөн өөрийн засгийн газар бус Хятадын гар хөл оролцсон явдал хэмээн дүгнэж байгаа. Иргэд эрх  чөлөөтэй амьдрал, газар нутгийн маргаангүй байдал, эрүүл аж төрөх орчин, эдийн засгийн хангалуун байдлыг хүсч байгаагаа илэрхийлж байгаа. Эдгээр эрхүүд нь  зөрчигдөж байгаа учраас тэмцэж, түүнийхээ шанд ял шийтгүүлэхэд хүрсэн нь нэн харамсалтай байна хэмээн иргэд ярьж байна. Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ