М.Амбага: Эм зохион бүтээсэн хүн бол эрх эдлэхээсээ илүү их хариуцлага хүлээдэг
“Салимон” хэмээх биеийн дархлаа сэргээх бэлдмэл монголчуудад 10 орчим жилийн өмнөөс танигдаж, зарим хүн байнгын хэрэглээ болгож хэрэглэдэг байж болох ч гэсэн эм бол талх, гурил, мах, сүү шиг өдөр болгон хүн болгон хэрэглээд байдаг гарын дорхи хэрэглээний зүйл биш учраас энэ эм хүмүүсийн хүртээл болсон байдал дээр их сонин тоо гардаг ажээ. Өөрөөр хэлбэл жилд манай улсын нийт хүн амын 1-2 хувь нь Салимон эмийг хэрэглэдэг байна гэсэн тооцоог зарим эрдэмтэд гаргажээ. Энэ тооцоог хараад нэг зүйлд баярлаж болох бөгөөд энэ бол манай ард түмэн эмийг их зөв хэрэглэдэг хэв маяг руу орж, замбараагүй их хэрэглээнээс татгалзаж байгааг энэ судалгаа харуулж байна. Цаашдаа ч эм зохион бүтээдэг хүмүүс эрхээсээ илүү, хариуцлага хүлээдэг байх ёстой гэсэн тогтолцоог цоо шинээр хэрэгжүүлж эхэлж байгаа эрдэмтэд, судлаачид болох профессор М.Амбага, Б.Саранцэцэг нар энэ асуудалд гол анхаарлаа хандуулан ажиллах нь ойлгомжтой. Тэртээ 10 жилийн өмнөөс Монголчуудын хэрэглээнд аажуухан шилжиж ирсэн энэ бэлдмэлийг Төрийн соёрхолт, гавъяат эмч, ШУ-ны доктор профессор М.Амбага, ШУ-ны доктор профессор Б.Саранцэцэг нар бүтээжээ. Хэдийгээр тэд 1997 он гэхэд уг бэлдмэлээ хийж бүрэн дуусгасан ч 2011 оны наймдугаар сарын 17-нд Монгол Улсын Засгийн газар болон Оюуны өмчийн газрын шийдвэрээр барааны тэмдгийн 9164, 9165 тоот гэрчилгээнүүд тэдний нэр дээр албан ёсоор олгогдсон гэдэг. Өөрөөр хэлбэл тэд энэ гэрчилгээг гардан авсанаар уг бүтээгдэхүүний онцгой эрхийн эзэмшигч нь болсон юм. Харин тэд “Салимон” болон “Нефромон” хэмээх хоёр бэлдмэлийг “Тавин ус”эмийн үйлдвэртэй байгуулсан Лицензийн гэрээний дагуу хэрэглэгчдийн гар дээр хүргэх болсон байна. Ингээд энэхүү бэлдмэлийн талаар Төрийн соёрхолт, хүний гавъяат эмч, ШУ-ны доктор, профессор М.Амбагатай ярилцлаа
-“Салимон” бэлдмэл барааны тэмдгийн гэрчилгээтэй боллоо хэмээн та олон нийтэд зарлалаа. Энэ талаар яриагаа эхлэх үү?
-Бид энэ бэлдмэлийнхээ патентийг 2002 онд авсан л даа. Түүнээс хойш барааны тэмдгийн гэрчилгээг нөхөж авах ажил эрчимтэй хийгдэж байгаад 2011 онд 9164, 9156 гэсэн гэрчилгээг авсан. Угаасаа барааны тэмдэгтийн гэрчилгээг авсанаараа уг бэлдмэлүүдийг гаргаж авсан Амбага, Саранцэцэг гэсэн хоёр эрдэмтэн уг эмүүдийг үйлдвэрлэн борлуулах эрхтэй болж байгаа юм. Мөн барааны тэмдэгтийн гэрчилгээ авснаараа тухайн бүтээгдэхүүнийг гаргаж авсан хүн уг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх газраа өөрсдөө сонгож болдог. Энэ дагуу бид “Тавин ус” компанитай лицензийн гэрээ байгуулж тухайн компанид уг бэлдмэлээ үйлдвэрлэхээр болсон тухайгаа зарлаж байна. Бид “Тавин ус” компиантай их сайн танилцсан. Боловсон хүчин, орчин нөхцөл нь энэ бэлдмэлийг хийх бүрэн боломжтой юм байна лээ. Гэхдээ мэдээж үйлдвэрлэгч компанитай ашгаа хуваана шүү дээ.
Энэ бол Монгол эрдэмтний оюуныг үнэлсэн маш сайхан ажлын анхны том алхам, эрх нь алдагддаг бусад эрдэмтдийн урмыг сэргээсэн цоо шинэ үзэгдлийн гэрч болж байгаа юм. Биний энэ шийдлийн дараа олон эрдэмтэн ямарваа нэг юм шинээр хийх юм бол Амбага доктор шиг юуны түрүүнд Оюуны өмчийн газарт юун түрүүнд барааны тэмдэгтийн гэрчилгээгээ авч, оюуны өмч эзэмшигчийн эрхээ төрөөрөө хамгаалуулах юм байна гэдгийг сайтар ойлгож авсан байх. Түүнийхээ дараа лицензийн гэрээний онцгой эрхээ авчих ёстой юм байна. Дараа нь аль нэг компианид үйлдвэрлэлээ шилжүүлээд өөрөө түүнд нь хяналт тавиад явж болох юм байна гэдгийг ухаарах болов уу. Товчхондоо бол “Доктор Амбага” гэдэг компани “Тавин ус” хэмээх компаниар “Салимон”, “Нефромон” гэх хоёр бэлдмэлээ хийлгэхээр болсон тухайгаа зарлаж байгаа нь энэ юм. Энэ бол юуны өмчийн эрхзүйн хамгаалалтын цоо шинэ үзэгдэл. Өмнө нь ийм ажил хийгдэж байгаагүй. Манай эрдэмтэд сайхан бүтээл хийгээд тэрийгээ оюуны өмчийн газар бүртгүүлэхээ, ялангуяа Барааны тэмдгийн гэрчилгээгээ авч, түүнийг эзэмших онцгой эрхээ өөрийн болгоод авахаа тэр бүр мэддэггүй. Барааны тэмдэгтийн онцгой эрхийг хуулийн хүрээнд төрөөс өгдөг, төр эрдэмтдээ найдвартай хамгаалалтдаа авдаг гэдгийг тэр бүр мэддэггүй. Үүнээс болоод бөөн будлиан гардаг.
Ардчилалын анхны жилүүдэд оюуны өмчийн эрхийн асуудал анхаарч чадаагүй. Сүүлийн арваад жилд үнэхээр онцгой анхаараад, барааны тэмдэг, газарзүйн заалтын хуулийг 2010 оны зургадугаар сарын 10-нд баталсан. Энэ хууль нь оюуны өмчийн янз бүрийн эрхзүйн маргааныг үүсэх процессийг үндсэнд нь зогсоосон. Одоо бол оюуны өмчийг хамгаалах эрин зуун шүү гэж хэлэх байна. Гэхдээ манай эрдэмтэд энэ хуультайгаа олигтой танилцаагүй юм шиг санагддаг. Надтай таарсан эрдэмтэд би тийм ч юм хийсэн, ийм ч юм хийсэн таван цаас олж байгаа юм алга гэж гомдолтой байдаг. Тэгэхээр энэ хүмүүст хэлэхэд, хуулиа сайн уншиж судлаарай, тэгээд миний зам мөрөөр яваарай гэж захих байна. Зөвхөн эм хийдэг хүмүүст хамаатай зүйл биш. Өмнө нь байгаагүй цоо шинэ сэдлээр гутал хийсэн хүн, эсвэл шатахуун цоо шинээр гаргаж авсан хүн байлаа ч оюуны өмчөө хамгаалж эрхээ эдлээрэй.
-“Салимон” бэлдмэлийг хүмүүс дархлааг сэргээдэг л гэдэг болохоос юунаас гаргаж авсан гэдгийг сайн мэддэггүй. Ер нь энэ бэлдмэлийг гаргах шаардлага юунаас үүсэв гэдэг нь сонин байна...
-Би тэр үед залуухан байлаа. Өөрөөр хэлбэл 1992 онд би Ардын эмнэлгийн хүрээлэнд ажиллаж байлаа. Манай хүрээлэн дээр дархлал сэргээх эм гаргаж авах төсөл яригдаад Дагвацэрэн доктор төслийн удирдагчаар нь, би төслийн дэд удирдагчаар нь ажиллаж болсон. Төслийн хүрээнд дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас эрдэмтэд ирж арга зүйг нь зааж өгсөн ч эм нь олдож өгөхгүй байлаа. Гэтэл би Өмнөговь аймгийн Хүрмэн суманд Лувсандаш гэж өвгөнтэй ургамал түүх, нөөц үзэх ажлаар явж байтал мань хүн “Чи энэ Загасгал гэж ургамлыг судлаад үзээч. Лувсандаш гуай надад ингэж ярилаа. Мичин жилийн зуднаар манай нутгийн нэг өвгөн найман мориндоо энэ ургамлаас бэлдсэн идээшмэлээс уулгаж байгаад онд оруулсан гэж хэлсэн. Зүгээр нэг дундаж таргатай оруулчихаагүй их тарган оруулсан гэсэн. Дархлал сэргээх ургамал олох гэж тамаа цайж, эрэлд хатаж яваа над шиг хүнд энэ үг их сайхан сонсогдоно биз дээ. Нэг үгээр хэлбэл, улсынхаа өмнө нь өртэй болчихоод явж байсан хүн юм чинь.
Тэгээд хэрвээ өвгөний маань хэлж байгаа үг үнэн бол энэ ургамалд дархлаа дэмждэг зүйл байгаа байх нь гэж бодоод авч ирж туршиж үзсэн. Үнэхээр ч гайхалтай ургамал байсан. Тэгээд 1997 оны нэгдүгээр сард судалгаагаа бүрэн дуусгаж бэлдмэлээ хийгээд Эрүүл мэндийн яаманд бүрэн дууссан ажлын актыг гар хөлийн үсэг зуралцан хүлээлгэж өгсөн. Гэхдээ тэр үед шахмал хэлбэртэй эм байсан. Харин одоо спиртэн хэлбэрт шилжүүлсэн.
-Энэ бэлдмэлийн олон улсад гаргах боломж бололцоо байгаа юу?
-Олон улс руу гаргахын тулд энэ эм маш сайн судлагдсан байх хэрэгтэй. Гадаадын эрдэмтэд дахин судлахад бидний хийсэн судалгаатай адил гарч ирэх юм бол авна л даа. Мэдээж нэг сайн эм гаргасан гэнэ лээ гэдэг байдлаар хандахгүй шүү дээ. Гадаадын улс орны хууль маш нарийн, дээр нь ард түмнээ хайрлаж хамгаалдаг юм чинь. Тэгээд ч гадаадаас ямар болох нь тогтоодоогүй эм оруулж ирэхгүй гэсэн хатуу хуультай. Энүүхэндээ гадаадад эм нэвтрүүлнэ гэдэг эрдэмтэн хүнд нэр төрийн хэрэг. Бас асар их хариуцлага. Түүнчлэн маш өндөр шалгалт хяналт тавьдаг. Гэхдээ бид тэр шалгалтын өмнө нь бэлэн зогсож байна. Хамгийн гол нь бидний судалгааны үр дүн болон түвшин гадаадыхнаас ер дутахгүй. Яагаад гэхээр дархлал сэргээдэг эмийг судалдаг арга зүй нь дэлхийн аль ч улс оронд бүгд ижилхэн. Өөрөөр хэлбэл гадаадын лабортори ч манайд ялгаагүй манай арга зүйгээр тогтооно. Яахав арай нарийвчилж л тогтоох байх. Ямартай ч энэ эм бэлдмэлийнхээ чанарт итгэлтэй байгаа. Солонгос, Хятадын хэд хэдэн эрдэмтэд манай бэлдмэлийг судалж, дархлаа сэргээх идэвхийг нь давхар баталсан дүнг бидэнд мэдээ ирүүлж байсан удаатай.
-Ер нь энэ бэлдмэлийн найрлаганд ямар ямар ургамал байдаг юм бэ?
-Нэг л ургамлаас бүтсэн бэлдмэл. Тодруулбал Загасгал. Гол нь дархлаа сэргээх үйлчилгээтэй бэлдмэл. Дархлааны эсүүд дотроос хамгийн гол эс нь ”устгагч” гэж нэртэй эс бий. Тэр эсийн үйл ажилалагааг Салимон сонгомлоор дэмждэг. Гол үйлчилгээ нь энэ. Энэ эс маань ДОХ-ын халдвар илүүтэйгээр өртдөг эсүүд шүү дээ.
-Монголчууд эмийн зохистой хэрэглээг мэддэггүй. Сайн гэсэн бүхнийг л дураараа хэрэглэдэг муу зуршилтай улс. Биеийн дархлаа муудлаа гээд л дураараа хэрэглээд байж болох уу?
-Энгийн хүн дархлаа дутагдаад байгаагаа мэдэхэд их түвэгтэй л дээ. Манайхан ядраад, нойр хоолонд муудлаа. Биеийн дархлаа муудаж гэж ярьдаг. Үнэхээр ингэсэн тохиолдолд эхлээд лабораторид очиж эсүүдээ тоолуулах хэрэгтэй. Эсүүдээ тоолуулаад зарим эс нь гэмтсэн байвал уг бэлдмэлийг уух хэрэгтэй. Манай лаборторид ирж тоолуулж ч болно. Мөн бид Халдварт өвчин судлалын үндэсний төвийн лабораторитай хамтран ажилладаг. Ер нь ургамлын гаралтай эм учраас гаж нөлөө багатай байдаг. Говийнхон бол малаараа дамжуулан энэ ургамлыг л хэрэглэж байгаа гэсэн үг. Гэхдээ эмчийн заавраар хэрэглэх нь илүү үр дүнтэй нь мэдээж.
-Та салимон эмийг хэрэглэж байгаа бүх хүнд зөвлөгөө өгч, хариуцлага хүлээнэ гэж ярьсан. Энэ мэдээллийг хэрэглэгчид их таатай хүлээж авч байна лээ?
-Эм, эмийг хэрэглэдэг хүн хоёрын хооронд эзэн байхгүй ирсэн. Эмийг яаж хэрэглэх, харшил өгөх эсэх зэргээр асуух, зөвлөгөө авах зүйл их гардаг. Тухайлбал, дархлаа муутай хүмүүс Салимон уумаар байдаг. Гэтэл жирэмсэн, эсвэл элэгний архаг үрэвсэлтэй, ходоодны үрэвсэлтэй хүнд Салимон таарах уу, үгүй юу, яаж хэрэглэх вэ гээд асуух зөвлөгөө авах юм их гардаг. Тэгвэл бид өнөөдрөөс хойш эм, эмийг хэрэглэж байгаа хүн хоёрын хооронд холбож өгдөг эзэнтэй боллоо. Доктор Амбага, доктор Саранцэцэг нартай өнөөдрөөс эхэлж, “Салимон, “Нефромон” эмийг хэрэглэх гэж байгаа хүмүүс бидэн рүү ярьж, зөвлөгөө авч болох боломж нээлттэй. Хаанаас ч ярьж болно. Малын бэлчээр дээрээс ч ярьж болно. Настай хүн чиний эмийг уулаа. Гэтэл ийм юм тулгараад байна. Энэ миний биеийн байдлаас болж байна уу, эмнээс болж байна уу гэдгээ асууж зөвлөгөө авч болно. Би шууд хариулж, зөвлөгөө өгнө. Шаардлагатай гэвэл авчраад үзнэ. Би өөрөө эмч хүн шүү дээ.
Манайх эмнэлэгтэй, сургуультай. 800 гаруй оюутантай “Уламжлалт анагаах ухаан”-ы сургуультай. Эм, эмийг хэрэглэж байгаа хүний хооронд зохиогч нь өөрөө зогсоод зөвлөгөө мэдээлэл өгдөг явдал бол Монголд цоо шинэ зүйл юм. Ямар нэг эм уухаар авлаа гэхэд эмийн санчаас асуудаг, нөгөөх нь мэдэхгүй, зааврыг нь хар гэдэг, тэгээд ч эмийн санч хүн тэр болгоныг мэдэх боломжгүй дээ. Хэвлэлийн бага хурал хийсний маргаашнаас эхлээд хэд хэдэн хүн над руу утсаар ярьж асууж байна лээ. Шөнө хүртэл утсаар мессеж бичсэн байна лээ. Манай хүү астматай. Энэ эмийг яаж хэрэглэх вэ гээд асуусан байсан. Би хариу өгсөн. Би хүүхдийн чинь дархлааг нь үзээд өгье гэж хэлсэн.
Дараагийн нэг зүйл бол, ургамлын гаралтай эмийг үйлдвэрлэхэд онцгой анхаарах зүйл бий. Биологийн нөөц хэр байна вэ гэдэг асуудал нэн чухал. Бидний ажиллаж байгаа нэг зарчим бол нэг ургамал аваад хоёр ургамал тарина. Тэгж байж биологийн нөөц хадгалж чадах юм. Гэтэл манайхан чинь харагдсан болгоноо түүгээд байдаг шүү дээ. Эмийн стандарт, үйлдвэрлэлийн технологи дээр онцгой анхаарах ёстой байдаг. Ялангуяа хоёр шингэн эмийг зэрэгцүүлээд харахаар нэг нь арай тунгалаг юм уу гэж харагддаг. Нэг нь арай бараан, доороо тундастай харагдаж байдаг. Энэ бол цэвэр технологийн алдаа. Хоёр эмийн үйлчилгээ адилхан байх ёстой. Хэрвээ хэн нэгэн Салимон уугаад амт нь өнгөрсөн жилээс арай өөр байвал хэнд хандахаа мэдэхгүй байсан бол одоо доктор Амбага, Саранцэцэг хоёр руу шууд ярьж асууж болох нь гэсэн үг. –
-Эмийн үйлдвэр стандартын шаардлага хангасан уу?
-Эмийн үйлдвэр стандартын шаардлага хангасан байх нь маш чухал зүйл. Орчин нөхцөл цэвэрхэн, эмийн үйлдвэрлэлийн технологийн бүх л шаардлагыг хангасан байх ёстой. Манай “Тавин ус” эмийн үйлдвэрийг очиж үзэж танилцаж болно. Үйлдвэр технологийн дагуу үйл ажиллагаа явж байна уу гэдгийг хэрэглэгчид очиж үзэж болно шүү дээ.
-Та компаниа яагаад өөрийнхөө нэрээр нэрлэсэн юм бэ?
-Компаниа зохиогч нь өөрийнхөө нэрээр нэрлэсэн явдал мөн л Монголд шинэ зүйл. Доктор Амбага компани гэдэгтээ адил манайд Шагдарсүрэн эмнэлэг гэж байдаг. Надад олон жилийн өмнөөс л найз нөхөд маань “Доктор Амбага” гээд компаниа нэрлээрэй гэж хэлдэг байсан л даа. Надад “Салимон”, “Нефромон” эмээс гадна ургамлын гаралтай арваад эм байна. Гадаадын томоохон сургуулийн нэр нь дандаа хүний нэрээр нэрлэгдсэн байдаг. Тэгээд би компаниа өөрийнхөө нэрээр нэрлэсэн юм. “Доктор Амбага” компани хотын төвд байрлаж байна. Үйлчлүүлэгчдээ ойрхон байх гэж хотын төвд оффисоо нээлээ. Хаа байсан Таван шар явж надтай уулзах гэж тэр хол очих хэцүү шүү дээ. Тиймээс Шинжлэх ухаан мэдээллийн төвийн нэг давхарт нь компанийнхаа үйл ажиллагааг явуулж байна. Энэ эмүүддээ би төрсөн хүүхэд шигээ ханддаг. Би төрсөн хүүхдээ зөв л орчинд, технологийнхоо дагуу зөв хийгдээсэй. Хүнд тус болоод өвчнийг нь эдгээгээсэй гэж хүсдэг.
Эм зохион бүтээсэн хүн бол эрх эдлэхээсээ илүү их хариуцлага хүлээлгэдэг тогтолцоог би Монголд анх удаа босголоо. Эмийг бүтээж, хийсэн хүн эм хэрэглэж байгаа хүнд хамгийн ойр байх ёстой. Хамгийн дотны зөвлөгч нь байх ёстой. Зохиогч нь Монголдоо байгаа цөөхөн эмийн жишээ бол Салимон, Нефромон юм. Бусад эмүүдийн дийлэнхи нь гаднаас импортоор оруулсан эм эзэлдэг. Ампициллин, Актовегин зэрэг эмийн зохиогчтой монголчууд бид хэзээ ч уулзаж чадахгүй шүү дээ. Гаднаас орж ирж байгаа янз бүрийн л эм байна. Эмийн зохиогчтой хэрэглэгч шууд харьцаж чадахгүй байна гэдэг бол өөрөө эрсдэлтэй зүйл. Яагаад бид эмэн дээр ийм сайхан уур амьсгал бүрдүүлж болохгүй гэж. Яагаад эмийг зохиосон хүн эмээ хэрэглэж байгаа хүний өмнө хариуцлага хүлээгээд бүх зүйлд нь зөвлөгөө өгч болохгүй гэж. Эм хэрэглэж байгаа хүнд асуух зүй олон гардаг шүү дээ. Ядаж л Салимон уухдаа өөр эмтэй давхар хэрэглэж болох уу, үгүй гээд олон асуулт гардаг.
Х.Цэнд-Аюуш
Эх сурвалж: “Өдрийн сонин”
СЭТГЭГДЭЛ БИЧИХ