
Өчигдөр Умард Ирландын Белфаст хотын зөвлөлөөс Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын төрийн далбааг жилийн турш нэг ч өдөр буулгалгүй мандуулдаг уламжлалыг өөрчлөх шийдвэр гаргажээ. Харин далбааг тусгай тэмдэглэлт өдрүүдэд л мандуулж байх саналыг баталсан байна.
Хотын зөвлөлийн энэ шийдвэрийг эсэргүүцсэн иргэд хотын төв болон зүүн хэсэгт жагсаал зохион байгуулж эсэргүүцлээ илэрхийлсэн байна.
Жагсаалын үеэр эсэргүүцэгчид хотод олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсгэж, үүний улмаас цагдаагийн таван ажилтан, хотын зөвлөлийн байрны хоёр хамгаалагч, нэг зураглаач зэрэг найман хүн гэмтэж, бэртсэн хэрэг гарлаа.
Жагсаалд оролцогчид үймээний үеэр замаар явж байсан автобус, зогсоолд тавьсан автомашинууд руу халдаж, түүнчлэн Сент-Матайн сүмийг эвдэж, сүйтгэсэн аж. Белфастын цагдаа нар уурлаж бухимдсан эсэргүүцэгчдээс хотын удирдлагын байрыг хамгаалахын тулд төмөр хашлагаар хамгаалалтын бүс байгуулсан бол эсэргүүцэгчид цагдаа нар болон хамгаалалтын албаныхны эсрэг лонх шидэж, гольфын цохиур барин дайрчээ.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ