
МАХН-МҮАН-ын шударга ёс эвслийн Удирдах зөвлөл өнөөдөр Шинэчлэлийн Засгийн газраас гарах эсэхээ хэлэлцэнэ. МАХН-ын Гүйцэтгэх товчоо өчигдөр орой хуралдаж улстөрийн хэлмэгдүүлэлт явуулж байгаа АН-ынхантай хамтран ажиллаж чадахгүй. Н.Энхбаяр даргаа хэлмэгдүүлэн шоронд суулгачихаад төрийн албаны зөөлөн сэнтийд сууж төвдөхгүй гэдэгт байр сууриа нэгтгэсэн.
Н.Энхбаяр даргадаа үнэн гэдгээ баталгаажуулсан энэхүү шийдвэрийг эвсэл болж ажиллаж буй МҮАН-ынхан хэрхэн хүлээн авахыг одоогоорр тааж хэлэхэд эрт. Өнөөдөр болох МАХН-МҮАН шударга ёс эвслийн Удирдах зөвлөлөөс өчигдөр оройн шийдвэрийг нь дэмжвэл байдал хэрхэн эргэх вэ гэдгийг таамаглах гэж оролдоё.
МҮАН-ыг үүсгэн байгуулагч Монголын төмөр зам ХК-ийн захирал М.Энхсайхан сүүлийн үед МАХН-д сэтгэл татагдахаа байсан гэдгээ хэлсэн. Тэгэхээр МҮАН-ынхан МАХН-ын Гүйцэтгэх товчооны шийдвэрийг хүлээж авлаа гэхэд МҮАН-ын талд ашигтай эргэнэ. Үзэл бодлын хувьд ч АН-тай ойролцоо тэд хамтран ажиллахад харьцангүй ойр байх боломжтой. Үзэл бодлын эсрэг тэсрэгийн туйл болсон МАХН-тай хамтарснаас дээр гэсэн үг. МАХН-ынхны хувьд М.Энхсайханд ийм давуу эрх олгох юу л бол.
Мөн АН-ынхан М.Энхсайханаас битүүхэндээ жийрхэж байгаа. Өмнө нь намаа хувааж тасалж байсан хүн ийм зүйл дахин хийхгүй ч хагалган бутаргах магадлалтай гэж цэрвэж байгаа. Гэхдээ ийм байдалд хүрэхэд эхлээд Н.Алтанхуягийн засгийн шийдвэр чухал. Үүний зэрэгцээ Шударга ёс эвсэл задрах болно.
Эвсэл задарсан тохиолдолд жагсаалтаар орсон гишүүдийн квотыг албан ёсны бүлэгтэй намуудад санал авсан хувиар нь тооцож хуваарилна гэж зарим ажиглагчид үзэж байгаа. Өндөр үнээр олдсон 11 суудлын багцыг МАХН-ынхан тийм амархан алдахыг хүсэхгүй л болов уу. Хэрэв эвсэл задарвал зарим эх сурвалжийн хэлж буй шиг жагсаалтын 7 суудлыг нь АН 4, МАН 3-ыг хувааж авна. Тэгэхээр АН-ынхан 31+4+2+2+2+1=43 болох магадлалтай гэсэн таамаг явж байна. Тоглолтыг далдаас удирдаж буй Н.Энхбаяр хөзрийнхөө гол тактикийг алдаж гартаа хоосон хоцрохыг хүсэхгүй.
Дараагийн нэг хувилбар Н.Алтанхуяг сайд Н.Энхбаяр даргыгаа гэсэн МАХН-ынхны сэтгэлийг ойлгож шударга ёс эвслийнхэнтэй зөвшилцөх. Зөвшилцлийн гол бай мэдээж ирэх жилийн ерөнхийлөгчийн сонгууль, УИХ дахь шударга ёс эвслийн 11 дэх суудалд хэн суух вэ гэдэг. Гэхдээ зөвшилцөл гэдэг хамгийн хүнд хувилбар байх бөгөөд Засгийн газрын асуудлаас хальж АН, цаашлаад Ерөнхийлөгчийн эрх ашиг хөндөгдөнө гэж хэлж болно.
Мөн үүний нэг эсрэг хувилбар нь Засгийн газар МАХН-ыг гүйцэтгэх засаглалын орон тооноос хасаж Н.Энхбаярт хуулийн дагуу ял оногдуулах. Энэ байдал нь МАХН-д төдийлөн ашигтай бус тусна. Тодруулбал улстөрийн тоглоомын гол дүр байх боломж нь буурна. Эргээд харвал МАН-тай хамтран ажиллах, эсвэл дангаар тоглолт хийх гэсэн сонголт л үлдэнэ.
Хэдийгээр МҮАН-ынхан МАХН-ын дотоод асуудалд оролцохгүй гэсэн гэрээтэй ч сүүлийн үед гаргаж байгаа тоглолтыг нь хараад зүгээр суугаад байхгүй болов уу. Нам бус Ц.Оюунбаатарыг УИХ-ын гишүүний тангараг өргүүлэхгүй байгаа, намын лидер гэгдэж байсан Ц.Цолмонг урвуулж авсан гээд тэдний дунд ан цав хангалттай бий. Гэхдээ хэн хэн нь гартаа модгүй үлдэж тоглоомын тойргоос гарах гэж яарахгүй. Хамгийн гол нь МАХН-МҮАН-ын шударга ёс эвсэл задарвал тоглоомын дүрэм хэний гарт очих вэ? гэдэг өнөөдөр шийдэгдэх гэж байна.
Ц.Ургамал
Эх сурвалж: www.times.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ