Э.Батбаяр: Увайгүй улс төрчид, авлигачдын хүслээр улс төрөөс явах бодолгүй байна
"Биднийг улс төрөөс зайлуулах сонирхолтой маш олон авлигачид, увайгүй улс төрчид Монголоор дүүрэн байгаа" хэмээн Монголын Ногоон намын хууль, эрх зүйн бодлого хариуцсан нарийн бичгийн дарга Э.Батбаяр өгүүлсэн. Түүнтэй өчигдөрхөн хуралдсан тус намын бага хурлын дараа уулзаж цөөн хором ярилцлаа.
-Таныг ИХ намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсныг монголчууд мэднэ. Харин өчигдрөөс Монголын Ногоон намын хууль, эрх зүйн бодлого хариуцсан нарийн бичгийн даргаар сонгогдлоо. Ногоон намыг сонгосон шалтгааныг тань иргэд сонирхож байгаа байх? -2008 оны УИХ-ын сонгуульд ИХ нам Ногоон намтай эвсэл болж оролцсоныг бүгд мэднэ. Анх эвсэл байгуулж, сонгуульд оролцохоор тохиролцсон хоёр намын санамж бичигт цаашдаа улс төрийн нэгдмэл хүчин байгуулахыг зорилгоо болгоно гэж заасан байдаг юм. Мөн бидний сонгуулийн мөрийн хөтөлбөр нэг. Өөрөөр хэлбэл бидний үзэл бодол, зорилго нэг гэсэн үг. Тийм болохоор энэ зорилгынхоо хүрээнд Ногоон Намд элсэн орсон.
-Ингэхэд Иргэний хөдөлгөөний нам хаана байна вэ. Үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа болов уу? -ИХ намын ерөнхий нарийн бичгийн дарга байсны хувьд ИХ намыг НН болон ИЗН-тай нийлүүлэх бодлого барьж, түлхүү ажиллаж байсан. Харин манай намын даргын хувьд энэ тал дээр хүлээх, үйл явцыг ажиглах байр суурьтай байсан. Мөн намын үйл ажиллагаан дээр ч гэсэн Н.Даваа дарга харзнах, үйл ажиллагаагаа явуулах цаг болоогүй байгаа гэсэн байр суурьтай байсан болохоор би өөрийнхөө сонголтыг хийсэн. Миний энэ сонголт бол ИХ намыг иргэн төвтэй бусад улс төрийн хүчнүүдтэй нэгдэх эхний алхам болоосой гэж найдаж байгаа. Манай намын үлдсэн удирдлага, залуучууд удахгүй надтай адил шийдвэр гаргана гэж итгэж байна.
-ИХ намыг үүсгэн байгуулагчдыг үзэл бодлоосоо урваж, өөр өөр намуудад элсэн орсон гэсэн шүүмжлэл их байдаг. Таны хувьд ч энэ шийдвэрийг гаргаснаар, дээрх шүүмжлэлээс гадуур өнгөрөх боломжгүй бас болчихлоо? -Шүүмжлэл бүхэнд эмзэглэх хэрэггүй ч дээрх шүүмжлэлтэй би санал нийлэхгүй байна. Бидний нэгдсэн анхны зорилго Монгол орны улс төрийн амьдралд идэвхтэй оролцох. Энэ оролцооныхоо хүчээр иргэдээ сайн сайхан амьдруулах гэсэн чин хүсэл байсан. Бид одоо ч энэ хүсэл зоригоосоо ухраагүй. Хэдийгээр ИХ намын хуучин гишүүдээс цөөнгүй нь өөр, өөр намын гишүүн болсон ч Монголын улс төрийн амьдралд идэвхийлэн оролцож, ажилласаар байгаа. Хэдийгээр биднийг улс төрөөс зайлуулах сонирхолтой маш олон авлигачид, увайгүй улс төрчид Монголоор дүүрэн байдаг ч бид тэдний хүслээр улс төрөөс хэзээ ч явахгүй. Харин тэд өөрсдөө арилж алга болсон үед шинэ, шинэ мэдлэг боловсролтой залуучуудад боломжийг олгох болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ