
БНХАУ-ын Гуанжоу хотод болж буй Цэргийн спортын олон улсын холбоо /CISM/-ны цэргийн буудлагын дэлхийн аварга шалгаруулах 47 дахь удаагийн тэмцээнд Монгол улсын Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны баг тамирчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байна. Тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэй гар бууны баг тамирчид 25м-ийн зайд спорт гар бууны тогтоол, хурдан буудлагын тэмцээний нийлбэр дүнгээр 2-р байр эзэлж, мөнгөн медаль хүртлээ.
Монгол Улс Цэргийн спортын олон улсын холбоо \CISM\-ны үйл ажиллагаанд 1992-1999 он хүртэл идэвхтэй оролцож байгаад 10 гаруй жил завсарласны дараа энэ онд гишүүнчлэлээ сэргээн ийнхүү анхныхаа тэмцээндээ амжилттай оролцож байна.
Цэргийн спортын олон улсын холбоо нь өөрийн түүхийнхээ 60 гаруй жилийн хугацаанд дэлхийн 133 орныг гишүүнээр элсүүлж, “Спортоор дамжин нөхөрлөлд” уриан дор дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах, гишүүн орнуудын цэргийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, цэргийн спортыг хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа юм.
Энэ удаагийн цэргийн буудлагын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд CISM-ийн гишүүн 36 орны олимп, дэлхийд нэрээ гаргаж яваа туршлагатай мэргэн буучид тухайлбал БНХАУ-ын тамирчин, азийн тоглолтын аварга, дэлхийн цомын аварга Цао Юн, Польш улсын тамирчин, Лондонгийн олимпийн мөнгөн медальт Богачка Силва, Турк улсын тамирчин, дэлхийн цомын олон удаагийн аварга Дикеч Юсуф, МУХБ, МУГТ, Бээжингийн олимпийн мөнгөн медальт тамирчин О.Гүндэгмаа зэрэг туршлагатай тамирчид оролцож байгаа нь тэмцээнийг улам өрсөлдөөнтэй болгож байна. Тэмцээн энэ сарын 9-нийг хүртэл үргэлжилнэ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ