
Филиппиний зүүн өмнөд нутгийг өчигдрөөс дайрч буй хүчтэй хар салхи улам эрчээ авч байна. Албаныхны өгсөн мэдээллээр 40 орчим хүн амь насаа алдаж, олон тооны хүн шархаж гэмтэж бэртсэн байна. Түүнчлэн хүчтэй салхины улмаас барилга байшингууд нурж үерт автжээ. Арлын орон учир хөрс нь сул, тиймээс усархаг бороо үерийн улмаас хөрсний нуралт их явагдаж байгаа нь байдлыг хүндрүүлэх нэг томоохон шалтгаан болж байна.
Нутгийн зүүн урд бүсийн Минданао арал циклон салхинд хамгийн их хохиролд өртсөн байна. Нэг жилийн өмнө Минданао арал мөн хар салхинд өртөж 1200 гаруй хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарч байсан. Уг арал хар салхинд өртөмтгий байрлалтай учир сүүлийн арван жилд хамгийн олон удаа хар салхинд өртсөн аж.
Энэ удаагийн хар салхийг Бопа хэмээн нэрлэсэн бөгөөд салхины хүч 110 км цаг хүрч байгааг тэмдэглэжээ. Хар салхинаас хамгаалахаар иргэд хичээж байгаа ч байгалийн хүч гэдэг юунд ч үл дийлдэм хүчирхэг. Хүмүүс амьд гарахын тулд гэр орноо орхиж, хоргодох байранд очихыг илүүд үзэж байгаа аж.
Хамгийн гол нь Бопа хар салхи дөнгөж эхэлж байгаа гэж гамшиг судлалын хүрээлэнгээс мэдээлж байгаа юм. Тиймээс ойрын хугацаанд ард иргэдийг гамшгийн бүсээс нүүлгэн шилжүүлэх, үерт автсан хүмүүст тусламж хүргэх ажлыг зохион байгуулахыг орон нутгийн удирдлагууд үүрэг болгоод байна.
Улаан загалмай нийгэмлэгийнхэн тусламжаа түгээж эхэлсэн байна. Гэмтэж бэртсэн болон амь насаа алдсан хүмүүсийн дийлэнх нь үндсээрээ сугарч шидэгдсэн модонд дарагдсан хүмүүс байжээ.
Гамшигт нэрвэгдэн 57 мянга орчим хүн орон гэргүй болжээ гэсэн мэдээллийг Филиппиний PNA мэдээллийн агентлагаас ирүүлжээ. Тэдгээр иргэдийн дийлэнх нь хоргодох байруудад байрлаж эхэлсэн байна. Хар салхинаас үүдэлтэйгээр замын хөдөлгөөн бүхэлдээ зогссон бөгөөд, арлуудыг холбох хурдны замууд эвдэрч сүйрсэн гэнэ. Түүнчлэн сургууль, цэцэрлэг албан байгууллагууд ч ажиллахгүй байгаа юм.
Филиппинд аялаж явсан 3000 орчим аялагч нислэгүүд хойшилсны улмаас нисэх буудлуудад түгжигдээд байгаа аж.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ