
-ЯДУУСЫН ХОРООЛОЛ ДАХЬ АРХИДАЛТ АРАЙ ХЭТЭРЛЭЭ-
"Чеченийн БАМ"-ын оршин суугчдын 60-70 хувь нь төрөөр тэжээлгэнэ. Нэг хэсэг нь гэмт хэрэгт холбогдон шоронд орж Засгийн хоол иднэ. Үлдсэн хэсэг нь тэжээгчээ алдсан, тахир дутуу, өндөр настны, хань ижлээ алдсаны нөхөн төлбөр авдаг байх юм. Ийм хүмүүсийн нэг бол Хэнтий аймгийн Хэрлэн сумын V хорооны иргэн Т.Энхтөр аж. Тэрээр хэдэн жилийн өмнө архи ууж яваад хөлдөж үхэхээ шахсан юм билээ.
Тэр архидалтын гайгаар хоёр хөл, өрөөсөн гараа тайруулж гуя болоод өвдгөө хөлдөөсөн аж. Хөлдсөний гайгаар хөдөлмөрийн чадварынхаа 70-аас дээш хувийг алдаж тэргэнцэртэй хүн болжээ. Т.Энхтөрийг архичин болоход ар гэрийн амьдрал нөлөөлсөн гэхэд болно. Хойд эхийн хахир зан, эцэг ондоотой ах дүү нарын дарамт шахалт сэтгэцэд нь огцом нөлөөлсөн гэх хүмүүс бий. Эцэг нь нас барахаасаа өмнө "Чеченийн БАМ"-д нэг өрөө байр авч өгчээ.
Эцэг нь нас барснаас хойш хүүе, хайя гэх хүн үлдсэнгүй. Эх ондоотой ах нар нь нэг нүдээрээ ч харахаа байж аяганы амсар зуулгах, гэртээ оруулахаа байсан гэнэ. Төрсөн ээж дээрээ очсон ч хүлээж авсангүй. Ээжийнх нь шинэ амьдрал цэцэглэж "Мянгат малчин" болсон ч Т.Энхтөрийг төрсөн үрээ гэдгийг тас нуудаг байх юм. Ингээд нийгэмд ч, төрсөн ээж, ах дүүдээ ад үзэгдсэн Т.Энхтөрийг "Чеченийн БАМ"-ын оршин суугчид талархалтай угтан авсан юм.
"Чеченийн БАМ"-ын оршин суугчид тахир дутуу мань эрд бус улсаас өгдөг группын 110 мянган төгрөгт үнэнхүү хайртай байв. Хамгийн гол нь Т.Энхтөрийг гэдэг айл шөнө орой хэзээ ч орсон үүд хаалга нь нээлттэй. Хэн ч хоносон, архидсан чөлөөтэй. Хамгийн гол нь Т.Энхтөрд архинаасаа амсуулна. Гарч ороход нь тусална. Тийм учраас эднийд бүх насны архичид орж гарна. Ахмад, дунд үеийн архичдаас илүү өсвөрийн залуус тэднийхээс салахгүй.
Ийм залуу архичдын төлөөлөл болсон Г.Алт, Б.Энхболд (Бобо гэдэг нэрээр нь андахгүй), О.Анхбаяр нар Т.Энхтөрийнхөөс салахгүй. Эдгээр залуусын гэр "Чеченийн Бам"-д байдаг учраас тэднийд орогноно. Өглөө оройдоо ёс мэт орж ирнэ. Эдгээр залууст хийх ажил байхгүй. Тийм учраас архи ууж, хүүхэн шуухан эргүүлж өдөр хоногийг элээдэг байх юм. Эдгээр өсвөрийн архичдад Т.Энхтөр хайртай. Яагаад гэвэл гар хөлгүй, тэргэнцэртэй эрд хүүхэн олж өгдөг буянтнууд. Т.Энхтөр группын мөнгөөрөө архи авч, залуусын архидах, хүүхэндэх байрыг бэлдэнэ.
Арваннэгдүгээр сарын 28-ны өдөр Т.Энхтөр хүүхэн олж ирэхийг дээрх залуучуудаас шаардсан аж. Зүгээр ч нэг шаардаад зогсохгүй, харааж загнах архины шил аван шиддэг гэнэ. Нэг гартаа гурван хуруутай хэрнээ хэд хэдэн хүнийг архины шилээр гэмтээж байсан удаатай. Тийм учраас залуучууд айхгүй ч гэсэн бага зэрэг эмээнэ. Өрөөсөн гаргүй, гурван хуруут эр залуучуудыг унтаж байхад нүдийг нь ч сохолж мэдэх аюултай этгээд гэнэ.
Тэднийхээр орогнож байхын тулд залуус хүүхэн олж өгөхөөр тэр өдөр гарсан байна. Мэдээж тэд нарт захаас аван хүүхэн олдсонгүй. Залуус найз охидуудаасаа тусламж хүсчээ. Найз охидууд ч гэсэн "ан гөрөөнд" гарсан бололтой. Энэ үеэр Хэнтий аймгийн Хийдийн сууринд оршин суух, 17 настай О.Сарнай гэдэг охин гэр рүүгээ явж байгаад О.Анхбаярын найз охинтой таарсан байна.
О.Анхбаярын найз охин болох С.Ариунзаяа нь О.Сарнайгийн хүзүүний ороолтыг булаан авчээ. "Надтай нэг айлд очоод ороолтоо ав" гэсэн байгаа юм. О.Сарнай ороолтоо авахын тулд тэр охиныг даган "Чеченийн БАМ"-ын орон сууц руу алхжээ. Төв холбоо дээрээс таван км шахам яваад Т.Энхтөрийнд ирсэн байна. 17 настай охин ирсэнд Т.Энхтөр жигтэйхэн баярлаж байсан байгаа юм. Тэрээр хэл муутай учраас муухай орилон баярлаж буйгаа илэрхийлэх аж.
Залуус инээлдэж хямд архи задлан, тамхи баагиулан охин руу нүд ирмэнэ. Харин охин хүзүүний ороолтоо авахаа бодно. Хэрвээ ороолтоо аваад харихгүй бол ижий нь аашилна. Тийм учраас хүзүүний ороолтоо авахын тулд залуусын аясаар байх аж. Залуус архи аягалан охинд шахаж байв. Нөгөө охин найз залуугаа тэврэн инээмсэглэн сууж архи уухгүй байлаа. О.Сарнай охин өгсөн архи болгоныг уусаар байгаад ухаан алдан унажээ.
Тэгээд хэдэн цаг өнгөрснийг ч мэдсэнгүй. Нэг ухаан ороод сэргэхэд хамаг бие нь шахиран өвдөж байсан аж. Өндийгөөд харахад шалан дээгүүр цус урсаж гар хөлгүй эр цусанд будагдан ухаангүй унтаж байх нь тэр. О.Сарнай охин өндийх гэсэн ч биеэ даасангүй. Хэтэрхий их цус алдсанаас болоод тамир тэнхээ нь алдарчээ. Доороос нь цус бургих мэт урсан гарч байсан учраас амьд гарахын хүслэн давамгайлж үүд рүү мөлхжээ.
Ямартай ч үүд рүү мөлхөн очоод гадагшаа гарахад тас харанхуй шөнө, аймшгийн хүйтэн угтан авсан байна. Тэгээд тэр байшингаас мөлхөн гарч тусламж гуйн орилсон боловч хэн ч тусалсангүй. Биедээ ямар ч хувцасгүй охин цасан дээгүүр 100 орчим метр мөлхөн голын орцонд очсон байна. Түүнд амьд үлдэх, ухаан алдахгүй байх хүслэн байсан учраас айлуудын хаалга цохин "Ахаа эгчээ надад туслаач. Би цус алдаад байна" хэмээн уйлсан ч хариу хэлсэнгүй.
Тэр байрны оршин суугчид 17 настай нүцгэн охин тусламж гуйн уйлахыг сонссон ч хаалга тавих хүн олдсонгүй. Гадаа 30 хэмийн хүйтэнд салхи үлээж цус алдсан охинд осгож үхэх аюул нүүрлэж ирсэн байв. Тэрээр тасралтгүй "Ахаа эгчээ надад туслаач. Би цус алдаад байна" хэмээн уйлж байсан аж. Тэгтэл ашгүй гаднаас хүн орж ирэн гар чийдэнгийн гэрэл тусгаад "Хүүе энд нүцгэн хүн байна" гэхийг сонссон охин "Ахаа эгчээ надад туслаач" гэсэн үгээ хүч шавхан хэлсэн аж.
Тэр гэрэл тусгасан хүн бол эргүүлийн цагдаа байлаа. "Чеченийн БАМ"-ын байрууд цагдаагийн газрын хараа хяналтад байдаг. Тэр утгаараа шөнийн 02 цагт эргүүлийн цагдаа явж байгаад охинтой тааралдсан байна. Тэгээд нэг айлаас цагаан даавуу "дээрэмдэх" шахам аваад охиныг тэврэн гарсан аж. Аймгийн эмнэлэг дээр ирэхэд О.Сарнай охин ухаангүй байжээ. Эмч нар түргэн авч яаралтай цус сэлбэх, мэс засалд оруулах ажил эхлүүлсэн аж.
17 настай охины артерийн судас тасарч, 3,5 литр цус алджээ.
Тэр шөнө Хийдийн суурингийн гэр хороололд оршин суух Ш.Отгоны нойр нь хүрсэнгүй. Дунд охин О.Сарнай нь хорихын байранд байдаг ахындаа очоод эргэж ирсэнгүй. Яагаад ч юм нойр нь хүрэхгүй сэрвэлзэж "Хаана хоносон бол" гэж санаа зовно. Хүн амьтан дээрэлхэх вий, айлгаж ичээх вий гэж үргэлж хайрладаг охин нь шүү дээ. Өглөө нь гэхэд Хэнтий аймаг даяар "17 настай охиныг тэргэнцэртэй хүн хүчиндээд алчихжээ" гэсэн шуугиан гарсан байв.
Хэнтий аймгийн эмнэлгээс 17 настай охины амь нас дээсэн дөрөөн байсан учраас ар гэрийг нь эрж сурж байжээ. Гэтэл ээж нь хүүхдүүдээ хооллож байтал утсаар хүн ярьсан байна. Ингээд эмнэлэг дээр ирэхэд 17 настай охин 3,5 литр цус алдсан, бэлэг эрхтэн рүү нь хутгалсан байдалтайгаар ирснийг эмч нар дуулгасан аж. Ш.Отгон "Миний охин биш байгаасай" гэж залбирсаар байгаад очтол сэхээн амьдруулахад 17 настай охин нь ухаангүй хэвтэж байлаа.
Эмч нар нэн даруй мэс засал хийж артерийнх нь судсыг боосон аж. Ямартай ч О.Сарнай охин амьд мэнд үлдэх нь тодорхой болжээ. Мэс засал хийсэн эмчийн яриагаар бол "Бид тэр охины амь насыг аврахын төлөө нойр хоолгүй ажилласан. Охины амь нас нэг минут секундээр хэмжигдэж байсан. Мэс засал амжилттай болж охины амь насыг аварч чадсандаа баяртай байна" гэсэн юм.
Охиныг үхэл амьдралтай тэмцэж байх үед гэмт хэрэгтэн шөнийн гаж үйлдэлдээ сэтгэл ханасан байдалтай унтаж байсан гэдэг. Цагдаагийнханд охиныг хэн зэрэмдэглэсэн талаар тодорхой мэдээлэлтэй байсан учраас Т.Энхтөрийг цусан далайд унтаж байхад нь баривчилсан байна. Цусны эхүүн үнэр хамар цоргиж зузаан матрас нэвтрээд шалаар нэлийтэл урсчихсан байжээ. Цагдаагийн ажилтнууд хөл дээрээ ч босч чадахгүй Т.Энхтөрийг хувцаслан хүүхэд адил тэврээд гарсан байв. Гэмт этгээдийг ч гэмгүй охиныг ч гэсэн тэврээд явдаг цагдаагийн ажил хүнд хэцүү юм аа.
Үргэлжлэл бий.
Т.ЭРДЭНЭ
Эх сурвалж: Өдрийн сонин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ