Монгол, Японы Байгаль орчны яамдын 7-р зөвлөлдөх уулзалт болов

img

Саяхан Монгол Улс, Япон Улсын Байгаль орчны яамдын бодлогын зөвлөлдөх 7 дугаар уулзалт  Токио хотноо болов. Бодлогын зөвлөлдөх уулзалтын Монголын талыг Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн Дэд сайд Б.Тулга, Японы талыг Япон Улсын Байгаль орчны яамны Даян дэлхийн байгаль орчны товчооны Дэд сайд Яцу Рютаро нар тэргүүлж оролцов. Уулзалтаар хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний явц, үр дүн болон цаашдын хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэх зэрэг асуудлаар санал солилцов.

2011 онд ӨАБНУ-ын Дурбан хотноо Япон Улсын Байгаль орчны яам болон Монгол Улсын БОАЖЯ-ны хооронд хамтран ажиллах санамж бичигт Л.Гансүх сайд болон Японы БОЯ-ны сайд Гоши Хосоно нар гарын үсэг зурсан юм.  Үүний дагуу  Япон Улсын Байгаль орчны яамны дэмжлэгтэйгээр Монгол Улсад байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх,  уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаархи олон улсын зах зээлийн шинэ механизмуудыг хэрэгжүүлэх,  цөлжилттэй тэмцэх,  агаарын  бохирдлын хяналт ба Асбестос бодисын азбестийн менежментийг сайжруулах чиглэлээр  төслүүд хэрэгжиж байна.

Уулзалтын үеэр БОНХЯ-гаас хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хэд хэдэн санал тухайлбал, Японы хүлэмжийн хийн ялгаралтыг дүйцүйлэн бууруулж кредит олгох зах зээлийн шинэ механизмын хүрээнд туршилт байдлаар цаашид Монголд хэрэгжүүлэх  боломжтой төслүүдэд жишиг болох бодит төслийн санал боловсруулах, тэдгээрийг  хэрэгжүүлэх, 2012-2013 онд боловсруулсан эрчим хүчний хангамжийн  салбарт үндэсний онцлогт тохирсон хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах арга хэмжээ (НАМА)-ний  төлөвлөгөөний хүрээнд хэрэгжих боломжтой төслийн санал боловсруулж хэрэгжүүлэх,  технологи, санхүүжилтийн дэмжлэг үзүүлэх, эрчим хүчний хэрэглээний салбарт хэрэгжүүлэх НАМА-ийн төлөвлөгөө боловсруулах чиглэлээр хамтран ажиллах техникийн болон санхүүгийн туслалцаа үзүүлэх санал тавив. Түүнчлэн Монголын талаас шувууны томууны тандалт судалгааны зөвлөмжинд тулгуурлан шувууны томууны мэдээллийн сүлжээг бэхжүүлэх төслийн саналыг боловсруулан хэрэгжүүлэх, устах аюулд ороод байгаа Мазаалайн тоо толгойг өсгөхөд хамтран ажиллах, байгаль орчны хяналтын төв лабораторын багаж төхөөрөмжийг шинэчлэх ялангуяа хүчиллэг тунадасны хяналт шинжилгээний сүлжээнд ашиглагдаж байгаа хуурай тунадасны сорьц авагч багажийг шинэчлэх, гадаргын усны болон хаягдал усны шинжилгээний чиглэлээр төв лабораторийн мэргэжилтнүүдийг  Япон улсад мэргэшүүлэх, давтан сургах зэргийг санал болгожээ.

Харин Японы талаас бүс нутгийн хэмжээнд хамтарч ажиллах хэд хэдэн боломжийн талаар хөндөж ярилаа.  Япон Улс Зүүн хойд Азийн агаарын бохирдлын хамтын ажиллагааны бодлогын талаар танилцуулав.  Зүүн хойд Азийн орнуудын агаарт ялгарсан бодисоор эх газрын доор орших Япон улс бохирдож байгааг судалгаагаар тогтоосон байна. Зүүн хойд Азийн агаарын бохирдлыг бууруулснаар тус улс өөрсдийн бохирдолтой тэмцэнэ гэж үзэж , EANET буюу Зүүн Азийн хүчиллэг тунадасны мониторингийн сүлжээ гэсэн бүтцийг ашиглах нь илүү оновчтой гэсэн байр суурьтай байна. EANET-ийг байгуулагдсан цагаас Япон улс санхүү болон технологийн дэмжлэг үзүүлж иржээ.

Мөн “CCAC-climate and clean air coalition” Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын талаар танилцуулав. Озон, нүүрсхүчлийн дутуу исэл (угаарын хий), хүхэрлэг хий, азотын давхар исэл, метан зэрэг агаарт богино хугацаанд оршдог бохирдуулагч бодисууд хүний эрүүл мэнд, байгаль орчинд ноцтой нөлөө үзүүлдэг бөгөөд агаар бохирдуулаад зогсохгүй дэлхийн дулааралд ч гол нөлөө үзүүлж байна. Иймд агаарын бохирдлыг бууруулах, дэлхийн дулаарлын процессыг удаашруулах зорилгоор АНУ-ын санаачилгаар “CCAC-climate and clean air coalition” буюу Уур амьсгал, цэвэр агаар эвсэл олон улсын хамтын ажиллагааны байгууллага 2012 оны 2 дугаар сард байгуулагджээ. Уг эвсэлд Азийн бүс нутгаас одоогоор зөвхөн Япон, Бангладеш улсууд нэгдсэн байна. Японы талаас 7 дугаар уулзалтаар уламжлан Монгол Улсын Засгийн газрыг энэхүү асуудалд анхаарлаа хандуулахыг хүсэв.

Монгол, Японы улсын байгаль орчны салбарын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хамтын ажиллагааны шинэ салбарыг хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлж, хоёр яамны ойрын үед хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тохиролцлоо. Ийнхүү Токио хотноо болсон хоёр талын 7-р уулзалт амжилттай болж, 8-р уулзалтыг Улаанбаатар хотноо ирэх онд хийхээр тохиролцлоо гэж БОНХЯ-ны ХМА-наас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ