
Хүн төрөлхтний эсрэг хэмээгддэг химийн зэвсгийг хэрэглэхээр завдаж байгаа Сирийн засгийн газарт АНУ болон НАТО хатуу анхааруулга өгөн энэ үйлдлээ зогсоохыг шаардаж байна. 21-р зуунд амьдарч байгаа ухамсарт хүмүүсийн үүднээс Сирийг химийн зэвсэг ашиглахгүй байхыг сануулсан талаар Асошейтэд прэсс агентлаг мэдээллээ. Энэ мэдэгдэлтэй адил мэдэгдлийг өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Сирийн ерөнхийлөгчид хүргүүлсэн. Мөн өчигдөр энэ асуудлаар тэргүүлэх таван орны төлөөлөгчид хуралдсан. Энэ хуралдаанаар Сири босогчдын эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн тохиолдолд хатуу арга хэмжээ авах талаар төлөөлөгчид санал илэрхийлсэн.
Олон улсын түрэмгийллийн эсрэг байгууллага НАТО Сирийн Ерөнхийлөгч Башар Аль Ассадыг босогчдыг дарахын тулд химийн зэвсэг хэрэглэхгүй байхыг хатуу анхааруулаад, хэрэглэсэн тохиодол гарвал олон улсын байгууллагын зүгээс хариу арга хэмжээ авах талаар мэдээлсэн байна. НАТО-ийн анхааруулгыг тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фох Расмуссен хийсэн байна. АНУ-ын Засгийн газрын эх сурвалжийн мэдээлснээр Андерс Фох Расмуссен “Вашингтонд Сири химийн зэвсэг ихээр бэлдэж байгаа талаарх мэдээлэл бий” хэмээн ярьсан байна.
Түүнийг энэ мэдэгдлийг хийж байх зуур Сирийн нийслэл Дамаск хотноо Башар аль-Ассадыг эсэргүүцсэн босогчид руу бөмбөих буугаар галлажээ. Андерс Фох Расмуссен Брюссельд болсон Гадаад хэргийн сайдуудын уулзалтыг нээж үг хэлэхдээ “Химийн зэвсэг хэрэглэх нь дэлхийн аль ч үндэстний хувьд хориотой асуудал юм. Хэрвээ хэн нэгэн энэ аюултай зэвсгийг ашиглахад хүрвэл олон улсын байгууллагын зүгээс шууд хариу үйлдэл үзүүлнэ”гэжээ.
Өчигдөр л гэхэд мөргөлдөөнөөр 150 орчим хүн амь насаа алдсан болохыг мэдээллийн агентлагууд мэдээлж байна. Цэргүүдийн хүнс болоод цэвэр усны нөөц багассан болохыг мэдээлж байгаа бөгөөд хүнсний хангамжийн асуудалд Сири улсын засгийн газар анхаарал хандуулах шаардлагатай болоод байгаа юм.
Сирийн иргэний дайн эхэлсэн цагаас хойш 40 мянга орчим хүний амь нас эрсдэж, сирийн иргэд хөрш зэргэлдээх орнуудруу дүрвэн гараад байна. Босогчид болон Ассадын цэргүүдийн хоорондох тулаан ширүүсч намдах шинжгүй байгаад олон улс сэтгэл зовинож байна.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ