Сөрөг хүчнийхэн Мурсийг ерөнхийлөгчийн ордноос гарч явахад хүргэжээ

img

Египетийн төрийн тэргүүн Мухаммед Мурси ордны өмнөх талбайд хуран цугларсан сөрөг хүчний талынхнаас болоод Каир дахь ерөнхийлөгчийн ордныг орхин явахаас аргагүй болжээ гэж Ройтерс агентлаг  мэдээлсэн байна. Египетийн нийслэлийн хойд хэсэгт цугларсан  10 мянга гаруй хүн даваа гаригт ерөнхийлөгчийн ордон руу  явжээ. Цагдаа нар эсэргүүцэл илэрхийлэгчдийг хөөн тараахаар нулимс асгаруулагч хий хэрэглэсэн байна. Гэвч энэ нь үр дүнд хүрээгүй ажээ. Харин ч олон жагсагч  бүслэлтийг сэтэлсэн байна. Тэдний зарим нь цагдаа нартай мөргөлдөж, 18 хүн бэртэж гэмтжээ. Сөрөг хүчнийхнийг бүслэлт сэтэлсний дараа Египетийн төрийн тэргүүн  ордныг орхин явахад хүрсэн байна. Арваннэгдүгээр сарын 22-нд Мурси шинэ үндсэн хуулийн тунхаглал зарласны дараа сүүлийн үед Египетэд эсэргүүцлийн цуглаан, жагсаал болж  байгаа юм. Энэ тунхаглалын дагуу ерөнхийлөгч  хэрэг дээрээ засаглалын хязгааргүй бүрэн эрхтэй болох ажээ. Цуглаан жагсаалд оролцогчид энэ баримт бичгийг цуцлахыг шаардаж  байна. Үндсэн хуулийн комисс шинэ үндсэн хуулийн төслийг батласан бөгөөд шинэ үндсэн хуулиар арванхоёрдугаар сарын 15-нд нийт ард түмний санал хураалт явуулах юм. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ