Аврах бүлэг, салааны бэлтгэл бэлэн байдлыг хангахыг үүрэг болгов

img

Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч болзошгүй Архангай, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Увс, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, хэлтсийн дарга, холбогдох мэргэжилтнийг оролцуулсан видео хурлыг зохион байгууллаа. Видео хурлыг Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, онцгой байдлын хурандаа Д.Намсрай удирдан явуулав. Өвөлжилт хүндэрч болзошгүй дээрх аймгуудын илтгэлийг сонссон байна. Дээрхи нэр бүхий аймгуудын Онцгой байдлын газар, хэлтсийн дарга нар өвөлжилтийн нөхцөл байдлын мэдээг аймаг тус бүрээр мэдээлж, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулжээ. Архангай аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга, онцгой байдлын хошууч Б.Эрдэнэбаатар: Орон нутгийн сонгуулийн үеэр гаднаас механизм авч үүрэг гүйцэтгэсэн. ГАЗ-66 автомашинаар өвс, тэжээл тээвэрлэхэд хүндрэлтэй, ЗИЛ-131 автомашин шаардлагатай байна. Цаашид Цэнхэр, Хашаат сумдын өвөлжилт хүндэрч болзошгүй байна. Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Г.Энхбаатар: Орон нутгийн болон улсын чанартай автозам, даваа хаагдсан тохиолдолд “АЗЗА” компани, цэргийн ангитай хамтран автомашин нэвтрэх боломжийг шуурхай ханган ажиллаж байгаа бөгөөд Тээврийн бирж, Ус, Цаг уурын алба, Шатахуун түгээх салбартай хурал зохион байгуулж цаашид нөхцөл байдал хүндэрсэн үед ажиллах журам боловсруулж байна. Цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд бусад аймгуудтай холбоо тогтоон хамтарч ажиллахаар төлөвлөсөн. Завхан аймгийн Онцгой байдлын хэлтсийн орлогч дарга, онцгой байдлын ахмад Б.Ядамжав: Өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа энэ үед шатах, тослох материалын хомсдол үүсч байна. Улиастайн дизель станцад хомсдол үүссэн. Увс аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга, онцгой байдлын хурандаа Я.Чулуунбаатар: Уулархаг газруудаар цас их орсон. Цаг уурын байгууллага тодорхой хэмжилт хийсэн цэгүүдийн мэдээллийг ирүүлж байгаа бөгөөд уулархаг газруудад илүү их хэмжээний цасан бүрхүүл тогтсон учир цаашид өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Баруунтуруун, Малчин сумдад илүү их хүндэрч болзошгүй. Тус видео хурлаас аймгуудын Онцгой байдлын газар, хэлтэст дараах үүрэг чиглэлийг өглөө. 1. Аймгийн Онцгой байдлын газар, хэлтэст орон нутагт зохион байгуулж байгаа арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран нэгтгэж, үнэн зөв тодорхой санал дүгнэлттэй ирүүлж байх. Шат алгасаж мэдээ хүргүүлдэг, ярьдаг асуудлыг таслан зогсоох; 2. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан автозам, даваа хаагдсан үед ажиллах туулц сайтай автомашиныг томилгоожуулж, холбогдох зардлыг тусгах, дайчлан ажиллуулах гэрээг аж ахуйн нэгж, байгууллагатай байгуулах, түлш, шатах, тослох материалын нөөц бүрдүүлэх, төлөвлөгөөнд тодотгон оруулах, “АЗЗА” компанийн бэлэн байдалд анхаарч, хамтран ажиллах; 3. Онцгой байдлын аврах бүлэг, салааны бэлтгэл бэлэн байдал, гамшгийн голомтод ажиллах үеийн томилолт, хоол хүнс, холбооны хэрэгсэл, шатах тослох материал, дулаан хувцас, майхан, дулаацах байраар хангах, бие дааж ажил үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрэн бүрдүүлэх; 4. Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр урьдчилан сэргийлэх ажлыг сайн явуулж, нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа ажлаа үнэн зөв мэдээлэх, иргэдийн бэлэнчлэх сэтгэлгээг халах, тэдэнд үнэн зөв ойлгуулах талаар тодорхой ажил зохион байгуулахыг үүрэг болголоо.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ