
ХХ зууны шилдэг дасгалжуулагч, Монгол Улсын ардын багш, Монгол Улсын спортын гавьяат дасгалжуулагч, нэртэй сурган хүмүүжүүлэгч Солийн Магсар хүнд өвчний улмаас 2012 оны арванхоёрдугаар сарын 5-нд насан эцэслэлээ.
С.Магсар 1943 оны гуравдугаар сарын 12-нд Улаанбаатар хотноо мэндэлж, нийслэлийн арван жилийн II дунд сургууль, ЗХУ-ын Ленинград хотноо П.Лесгафтын нэрэмжит Биеийн тамирын дээд сургуулийг дасгалжуулагч мэргэжлээр дүүргэжээ. Улмаар МБТСЭ-ийн Төв зөвлөлийн чөлөөт бөхийн улсын шигшээ багийн дасгалжуулагч, ахлах дасгалжуулагч, Булган аймгийн БТСХ-нд дасгалжуулагч, УБТЗ-ийн зүтгүүрийн депод машинч, БТС-ын “Алдар” нийгэмлэгт дасгалжуулагч, БХЯ-ны байлдааны газарт биеийн тамирын зааварлагч, МУИС-ийн биеийн тамирын тэнхимд багш, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, БТСУХ-ны улсын ахлах дасгалжуулагч, Үндэсний шигшээ багийн захирлын албыг хашиж байгаад 2005 онд гавьяаны амралтдаа гарсан юм.
Тэрээр жар, далаад оны үед Монголын чөлөөт бөхийн алтан үеийнхнийг удирдан олимп дэлхийн дэвжээнд Монгол эх орныхоо нэрийг анх цуурайтуулах, Монголын тамирчид олимп дэлхийн анхны медалийг хүртэхэд өөрийн үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан билээ. С.Магсар нь олимпийн наадамд таван удаа, ДАШТ-д найман удаа оролцсон, Монголын спорт, олимпизмийн нэртэй зүтгэлтэн, Олон улсын шилэгдмэл шүүгч байлаа. 1999 онд Улаанбаатар хотноо болсон “Олимпийн гала”-гаар түүнийг Монгол Улсын ХХ зууны шилдэг дасгалжуулагчаар шалгаруулан алдаршуулсан билээ.
С.Магсарын хөдөлмөр зүтгэлийг Монгол Улсын төр засгаас өндрөөр үнэлэн Монгол Улсын ардын багш, Монгол Улсын спортын гавьяат дасгалжуулагч цол хүртээж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, ойн медалиудаар шагнажээ. Мөн Олон улсын бөхийн холбооноос FILA-гийн Алдрын одонгоор, МҮОХ-ноос Алтан очир, Олимпийн алдар одонгуудаар шагнаж байлаа.
Талийгаачийн хөдөлмөр зүтгэл, Монголын спорт болон олимпизмийн хөдөлгөөнд оруулсан алдар гавьяа нь Монголын ард түмэн, спорт сонирхогчд, шавь нарынх нь сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.
Ум ма ни бад ми хум
СЭТГЭГДЭЛ БИЧИХ