Спортын оны шилдгийг тодруулдаг ”Бөртэ чоно-2010” өнөөдөр болно

МҮОХ-ны тэргүүн дээд шагнал гардуулдаг "Бөртэ чоно-2010" ёслолын арга хэмжээ өнөөдөр 21 цагт болно. Энэ жилийн шилдгийн шилдэг тэргүүн дээд шагналын эзэн хэн тодрох нь спорт сонирхогчдын анхаарлын төвд байгаа юм. Өнгөрсөн жил шилдгийн шилдэг тамирчнаар П.Сэрдамба боксын 2009 оны дэлхийн аварга болсон амжилтаараа, Х.Цагаанбаатар жудо бөхийн дэлхийн аварга, Их дуулга тэмцээний алт, мөнгө, дэлхийн цомын алт, Самбо бөхийн дэлхийн аваргын алтан медаль хүртэж байсан амжилтаараа шалгарч Бөртэ чонын эзэд болсон юм. Энэ жилийн Бөртэ чоно ёслолын арга хэмжээнийн нэг онцлог нь “Оны шилдэг залуу тамирчин” номинац шинээр бий болж байгаа юм. Ийм шинэ номинац бий болгох шаардлага гарсан нь Азийн залуучуудын наадам, Залуучуудын олимп болон бусад төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн олширсонтой холбоотойгоор МҮОХ-ноос ингэж шийдвэрлэсэн байна. Оны шилдэг залуу тамирчин номинацид:
1. Баатарзоригийн Батцэцэг (чөлөөт бөх). “Сингапур-2010” Дэлхийн хүүхдийн анхдугаар олимпийн наадмын аварга, олимпийн эрх олгох тэмцээний хүрэл медальт. 2. Даваадэмбэрэлийн Номин-Эрдэнэ (шатар). Дэлхийн өсвөр үеийнхний аварга, Азийн өсвөр үеийнхний аварга 3. Алтан-Өлзийн Энхтуул (шатар). Дэлхийн Сурагчдын АШТ-д түрүүлсэн 4. Ганбатын Эрдэнэболд (гимнастик). "Сингапур-2010" Дэлхийн хүүхдийн анхдугаар олимпийн наадмын аварга, өсвөр үеийн ААШТ-ий мөнгө, олон улсын тэмцээний хошой аварга амжилтаараа нэр дэвшиж байгаа юм. Оны шилдгийг тодруулдаг санал асуулгыг МҮОХ, Спортын сэтгүүлчдийн холбоотой хамтран зохион байгуулдаг. Хамгийн их санал авсан тамирчин, дасгалжуулагч, спортын холбоо, Олимпийн зөвлөл оны шилдгийн шилдгээр тодрох юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ