
Цагийн зүү урагш довтолгосоор арванхоёрдугаар сар хэдийн гарч, удахгүй 2013 он айлчлан ирнэ. Гэтэл 2012 оны арванхоёрдугаар сарын 21-ны өдөр ойртож байна, юун шинэ он гэсэн хачин цуурхал ам дамжин яригдах боллоо.
Нэлээд хэдэн жилийн өмнөөс эртний Маяачуудын он цагийн хуанли энэ өдөр дуусч байна. Тиймээс Маяачуудын зөгнөлөөр энэ өдөр дэлхий сүйрнэ. Байгалийн аймшигт үзэгдлүүд ар араасаа цуварч, газар хөдөлж, цунами болно хэмээн зөн билэгтнүүд ярьж эхэлсэн. Дайран дээр давс гэгчээр Холливудын “Маргааш сүүлчийн өдөр”,“2012” нэртэй зөгнөлт, уран сайхны кинонууд бүтээгдсэн нь энэ хийрхэлийг улам л өдөөв. Тэгтэл Төв азийн зүрхэнд орших Монгол Улс аюулаас хол байна. Гэхдээ энэ өдөр болох аюулаас зөвхөн “Гэр аминд орно шүү” хэмээн олны танил нэгэн эрхэм хэвлэлийн бага хурал хийснээс хойш монгол гэр худалдаалдаг наймаачдын бизнес ч цэцэглээд байгаа.
Хэдхэн хоногийн өмнө л гэхэд “Түвд лам дэлхийн сүйрлийг зөгнөж байна” нэртэй орчуулгын материал зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан нь цөөнгүй хүний айдсыг төрүүлсэн бололтой. Уг мэдээлэлд “ 2012 оны арванхоёрдугаар сарын 21-23-ний өдрүүдэд дэлхийг харанхуй нөмөрнө. Тэсч гарч чадвал дэлхий сүйрэхгүй амар амгалан болж бүх зүйл хэвэндээ орно” гэсэн утга бүхий нийтлэл гарчээ. Үүнийг сонссон нэг найзын маань ээж, найзуудтайгаа нийлээд үр хүүхэд, гэр бүлээ гурав хоног хэрхэн аюулгүй авч үлдэх талаар зөвлөлдөж, төлөвлөгөө боловсруулж эхэлсэн гэнэ. Тэд ах дүү хамаатан садан, үр хүүхдүүдтэйгээ нэг дор цуглан лаа шүдэнз, хоол хүнсээ бэлдэн хотоос гарч, энэ өдрүүдийг өнгөрүүлэх нь хамгийн зөв шийдвэр гэж тогтсон аж. Эхийн сэтгэл аргагүй дээ гэж ойлгож болох ч арай л өрөөсгөл санагдсанаа нуух юун. Тиймээс 15-хан хоногийн дараа тохиох 2012 оны 12 сарын 21-ний өдөр болон дэлхийн сүйрэлтэй холбоотой зарим мэдээллийг сийрүүлсэнээ уншигч таньд хүргэе.
Дэлхий сүйрнэ гэсэн зөн билэгчдийн таамаглал аль эрт буюу МЭӨ 634 онд эртний Ромчуудын үеэс эхэлжээ. Тэд Ром хотод 120 жилийн дараа 12 бүргэд ирж хотыг сөнөөнө, хэн ч үлдэхгүй гэж итгэсэн аж. Энэ зөгнөлд итгэсэн нь тухайн үед амьдарч байсан Ромчуудын сүсэг бишрэлтэй холбоотой, нөгөө талаар Ром хот тэдний хувьд дэлхий нь байсан.
Мөн МЭ 800 онд эртний Грекийн астраномич Секстиус Юулиус Африканус гэгч тухайн ондоо “Мөхлийн өдөр” буюу “Doomsday”тохионо гэж зөгнөж байжээ.
Харин алдарт зөнч Вангагийн зөгнөлөөр дэлхий ертөнц 3700 оны үед сөнөнө гэж зөгнөсөн бол Лалын шашинтнуудын “Коран судар”-т 2280 онд дэлхий сүйрнэ гэжээ.
Энэ мэт дэлхийн сүйрэлтэй холбоотой зөн билэгчдийн таамагласан 200 гаруй зөгнөл байдаг аж. Харин өнөөдрийг хүртэл нэг ч зөн билэгчийн таамаглал биелээгүй, дэлхийн 7 тэрбум гаруй хүн эх дэлхийдээ амар амгалан амьдарч байгаа ч сүүлийн жилүүдэд байгалийн гамшиг, ган гачиг, газар хөдлөлт, галт уул, далайн шуурга, огцом хүйтрэлтийн тохиолдол нэмэгдэж байгааг эрдэмтэн судлаачид нотолж буй. Гэтэл үнэндээ 4.5 тэрбум жилийн настай дэлхий дээр байгалийн гамшигт үзэгдэл хэдэн зуун удаа тохиолдож, хүн төрөлхтөний нэгээхэн хэсгийг гэнэтийн аюулд өртүүлсээр ирсэн. Харин Маяачуудын зөгнөл гэгчид итгэгсэдийн тоо нэмэгдэж байгаа нь өөрөө нийгмийн сэтгэл зүйд нөлөөлж, элдэв хор уршиг тарих вий гэхээс эмээж байна.
Энэхүү хүн төрөлхтөний анхаарлын төвд байгаа дээрх асуудалд хариулт өгөхөөр АНУ-ын НАСА-гийн эрдэмтэд орчин үеийн техник технологийн оролцоотойгоор судалжээ. Тус институтын ахлах эрдэмтэн Давид Моррисон хэлэхдээ “2012 оны 12 сарын 21-ний өдөр санчир, бархасвадь, ангараг, дэлхий нэг шугаманд жагсаад зогсохгүй бусад оддын систем ч галактикийн төвөөс шугам үүсгэн жагсана. Үүний дараа дэлхий ертөнц нэг системээс нөгөөд шилжинэ. Шилжилт гурван өдөр, гурван шөнө үргэлжлэн наргүй харанхуй болох үеэр 70-80 хэм хүрч хүйтэрч хүн төрөлхтөн хөлдөх аюул нүүрлэж байна. Дэлхийг Нирибу гэх жижиг гариг мөргөнө, харь гаригийнхан ирнэ, маш том цунами болж, дэлхий усанд автана зэрэг цуу үгс нэлээд эрчимтэй тарж байна. Энэ бүхэнд НАСА-гийн зүгээс тайлбар өгөх нь зүйтэй гэж үзлээ. Сансар огторгууд гариг эрхсүүд нэг эгнээнд жагсана гэж байна. Гариг эрхэс 20 мянган жилд нэг удаа сансарын орон зайд нэг шугаманд жагсдаг гэдгийг галактикийн газрын зураг, судалгаанаас харж болно. Дэлхийн татах хүчинд ч өөрчлөлт орохгүй. Дэлхий тэнхлэгээрээ хазайсан гэж байна. Хэрэв дэлхий хазайсан бол байгаль экологийн хувьд маш их өөрчөлт гарч, дэлхийн бүх GPS-үүд ажиллахгүй. Хиймэл дагуулууд өчүүхэн жижиг өөрчлөлт гарсан ч тэр даруйд нь мэдээлэх байсан. Нибуру гариг дэлхийтэй мөргөлдөнө гэж байна. Өнгөрсөн жил сансар огторгуйд тэнүүчилж явсан Эленин гэх солир дэлхийтэй мөргөлдөх нь гэж нэг хэсэг шуугисан. Уг солир хэдийгээр дэлхийг чиглэн ирсэн ч нарны аймгийн тойрогт орсон даруйд үнс мэт задран агаарт замхарсан. Нарны тойрогт орсон бүхэн замхардаг. Харь гаригийнхан ирнэ гэж байна. Энэ боломжгүй асуудал. Хар нүхэнд татагдан орох талаар ярьж байна. Хэрэв сансар огторгуйн зайд үнэхээр харанхуй нүх байсан бол дэлхийг тойрон сансарын орон зайд аялж яваа хиймэл дагуулууд илрүүлэх байсан. Би 1964 оноос хойш НАСА-д ажиллаж байна. Энэ хугацаанд маш олон хиймэл дагуул агаар мандалд хөвж, бидэнд үнэн бодит мэдээлэл өгч байдаг. Тийм болохоор энэ худал мэдээлэл. Маш том цунами болно гэж байна. Дэлхийн дулааралтай холбоотойгоор Хойд мөсөн далайн мөс хайлж байгаа гэдгийг үгүйгсэхгүй. Гэхдээ дэлхийг бүрхэхээр их хэмжээтэй хайлж, цунами үүсгэнэ гэдэг нь ямар ч үндэслэлгүй зүйл. Миний энэхүү өгүүлж байгаа баримт жишээнүүдийг НАСА-гийн баримт материалаас хараад үнэн худлыг нь шалгах боломж хүн бүхэнд нээлттэй. Ямар ч байсан санаа зовох зүйлгүй, дэлхий сүйрэхгүй” гэжээ.
Мөн энэ өдрийг хамгийн үнэмшилтэй болгож байгаа нэг шалтгаан нь Маяачуудын он тооллын бичиг. Харин энэ талаар эртний Маяачуудын үр сад арай өөр тайлбарыг өгч байна. Тэдний өгүүлж байгаагаар “Өвөг дээдсийн маань өвлөн үлдээсэн хуанлийг дэлхий нийт үгүйсгэж байна. Тэд дэлхий сүйрнэ гж нэг ч үг тэмдэглэн үлдээгээгүй. 2012 оны арван рхоёрдугаар сарын 21 нд Маячуудын он цагийн нэг мөчлөг дуусч байна. Манай өвөг дээдсийн 5230 жилээр бичигдсэн уг хуанлийн 13 дахь удаагийн мөчлөг дуусч байна. 2012 оны арванхоёрдугаар сарын 22 –нд манай 14 дахь мөчлөгийн шинэ тоолол эхэлнэ” гэсэн тайлбар өгсөн байна.
Эрдэмтдийн болон Маячуудын тайлбарт итгэх эсэх нь уншигч таны эрх хэдий ч үнэхээр байгалийн гамшиг нүүрлэхэд Монголд л ганцхан аюулгүй байсан бол дэлхийгээр тархсан 120 мянга гаруй монголчууд минь яагаад ирэхгүй байгаа юм. Тэд цөм гэр бүл үр хүүхдийнхээ төлөө эх орноо зорих байсан нь дамжиггүй. Эцэст нь ганцхан дүгнэлт гарч байна. 21 дүгээр зууны иргэд та бид хэт их мэдээлэл дунд амьдарч байна. Гэтэл энэ мэдээлэл маань эргээд бидний амьдрал сөргөөр нөлөөлж буйн нэг жишээ нь 2012 оны арванхоёрдугаар сарын 21. Энэ өдөртэй холбоотой мэдээлэл гарч, дэлхийн сүйрлийг зөгнөсөн кино зэргээс үүдэн хүмүүс мэдээлэл цуглуулж эхэлсэн. Энэ мэдээ нь дэлхийн тэр улс оронд тийм гамшиг боллоо, газар хөлөлт,усны үер хаа нэгтээ гарах бүрийд за ойртож байна даа гэж бодож эхлэхэд хүргэсэ бололтой. Ямар сайндаа л үр ачаа хараад гэртээ тайван дулаан сууж байх ёстой тэтгэвэрийн хөгшнийг “үр хүүхдээ аврах төлөвлөгөө” боловсруулахад хүргэв дээ. Энэ бол цэвэр мэдээдлийн эрин зууны хор уршигийн бодит жишээ. Тиймээс аливаа мэдээлэлд бодитоо хандаж, лаа шүдэнзний бизнесийг цэцэглүүлэх эсэхээ өөрөө л шийд. Цорын ганц үнэн нь Дэлхийн төгсгөл хэзээ нэгэн цагт ирэх ч та бидний энэ эрин зуунд л лав тохиохгүй нь лавтай.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ