TIME сэтгүүлийн оны онцлох хүн-II

img

Элэглэгч Стефен Колберт

Соёлын шүүмжлэгч, элэглэгч Стефен Колбертийг оны онцлох хүнд дэвшүүлж байна. Үзэгчдийн талархал хүртсэн, чадварлаг хөтлөгч хэмээгддэг тэрээр зарим талаараа тэр тусмаа улс төрийн элэглэлийг хэтрүүлчих гээд байдаг гэсэн шүүмжлэлд өртдөг. Тэрээр энэ онд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гэж байгаа хэмээн нэлээд шуугиан тариад авсан нэгэн.

Харин энэ тухайгаа ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвших эрхийн хураамж хэтэрхий өндөр юм хэмээн хөнгөн элэглэсэн нь хамгийн их шүүмжлэлд өртсөн юм. Улс төрчдийн зүгээс түүнийг элэглэл шүүмжлэлд ч гэсэн хэмжээ хязгаар, ёс зүйтэй байх ёстойг сануулсан байна.

Тим Кук

Энэ оны хамгийн эрэлттэй бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж чадсан Apple-ийн захирал Тим Кук оны онцлох хүний жагсаалтад орох бүрэн эрхтэй эрхэм. Apple корпораци энэ жил шинэ төрлийн iPad, мини iPad, iPhone5, MacBook зэрэг технологийн салбарт нэлээлгүй шинэчлэлийг хийж чадсан.

Түүнийг хүмүүс Стив Жобсийн халааг сайн үргэлжлүүлж байгаа хэмээн үнэлж буй. Тэрээр энэ онд өөрийн зохион бүтээсэн өнгөт газрын зургийг олон нийтийн хэрэглээ болгож чадсан нь хэрэглэгчдээс авах үнэлгээг нь дээшлүүлэхэд нөлөөлөх нэгээхэн чухал алхам болсон. Гэвч ижил төрлийн үйлдвэрлэл явуулдаг бусад компаниудтай зохиогчийн эрхийн асуудалтай байгаа нь рейтингийг нь унагах ганц шалтгаан хэмээн санал асуулгад оролцогчид үзэж байна. Стив Жобсийн эхлүүлсэн энэ гайхалтай компанийг дэлхийн технологийн зах зээлд хэзээ ч буурахааргүй орон зай эзэлсэн.

Габриель Дуглас

Лондоны олимпоос уран гимнастикийн төрлөөр хос алтан медаль хүртсэн АНУ-ын иргэн 16 настай Габриель Дуглас охин авьяас чадвараараа насандаа баймгүй амжилт гаргаж оны онцлох хүнийг нэрлэх нэр хүндтэй энэхүү жагаалтад бичигдэж байна.

Тэрээр энэ төрлөөрөө АНУ-ын аваргын цомыг ч авсан. Мөн уран гимнастикийн төрөлд ийм өндөр амжилт гаргасан анхны Африк гаралтай хар арьст тамирчин юм.

Марио Драги

Европын төв банкны ерөнхийлөгч Марио Драги энэ онд хийж гүйцэтгэсэн ажлаараа олны анхааралд яахын аргагүй байж чадсан хүн. Учир нь түүний гаргасан шийдвэр, тушаал болон бодлого баримтлалаар европын эдийн засаг амьсгалж байгаа гэж хэлж болно.

Түүнийг европын хамгийн нөлөө бүхий хүн гэж ч хэлдэг, орчин үеийн нийгэм, улс орны хүчтэй оршин тогтнох артерийн судсыг атган суугаа энэ эрхэм оны онцлох хүнийг нэрлэх жагсаалтад дээгүүр хувьтай явна. 2011 оноос Европын төв банкны удирдлагаар ажиллаж байгаа 65 настай Драги энэ онд евро бүсийн орнуудад 1.3 тэр бум еврогийн зээлийг бонд хэлбэрээр зээлдүүлж эдийн засгаар дэмжиж буй. Хэрэв түүний бодлого бүрэн биелж евро бүсийн орнуудын эдийн засаг сайжирвал дэлхий нийтээрээ түүнд талархлаа илэрхийлэх болно.

Мо Фарах

2012 оны зуны олимпын наадмаас Их Британичуудад нэр хүнд, итгэл найдвар, баяр хөөрийг бэлэглэж чадсан холын зайн гүйгч Мохаммед Фарах гаргасан амжилтаараа жагсаалтад бичигдэх гавъяатан болжээ. Тэрээр Лондоны олимпийн наадмын 10 мянган метрийн холын зайн гүйлтэд тэргүүлсэн билээ.

Дайны хөлд нэрвэгдсэн Сомалигаас найман настайдаа дүрвэж, Английн иргэн болсон Мо Фарах идэрчүүдийн олон удаагийн аварга, 2006 оны холын зайн гүйлтийн дэлхийн аварга. Тэрээр долоо хоногт 190 км гүйдэг аж.

Сандра Флюк

Хуучны Христийн сүмийн номлогчийн охин Сандра Флюк эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын төлөө энэ онд хамгийн идэвхтэй ажилласан хэмээн түүнийг сайшааж байгаа. Тэрээр энэ чиглэлээрээ Жеоржтауний хуулийн сургуулийн оюутнуудтай хамтран олон төрлийн ажил зохион байгуулсан.

Өөрийн гар нийлсэн хамтрагчидтай болсноороо нийгмийн амьдралд төслөө хэрэгжүүлж эхэлсэн. Гэвч энэ ажлаа хийж гүйцэтгэх хугацаандаа олон төрлийн саад бэрхшээлтэй тулгарч байсан бөгөөд тэдгээрээс хамгийн хэцүү нь улс төрийн шүүмжлэл болоод, дарамт байсан гэж хэлжээ. Түүний хийж буй ажлыг хамгийн ихээр дэмжиж түүнд тусалсан хүн бол АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама юм.

Рожер Гуделл

АНУ-ын Үндэсний хөлбөмбөгийн лигийн комиссар Рожер Гуделл энэ онд спортын салбарт тарьсан шуугиан нэлээд анхаарал татсан. Сайн дасгалжуулагч, шилдэг менежир гэгддэг тэрээр өөрийгөө сайн мөрдөгч гэдгийг мөн нотлон харуулсан.

Тэрээр “Нью-Орлеан Сэйнтс” багийн ерөнхий дасгалжуулагч Шон Пэйтоныг нэг жил аливаа ажил хийх эрхгүй болгож чадсан. Учир нь Шон Пэйтон багийн тоглогчидтойгоо хийсэн гэрээнд өрсөлдөгч багийн тамирчдыг хүнд бэртээсэн тохиолдолд урамшуулал өгөхийг заасан байжээ.

Лигийн мэргэжилтнүүдийн явуулсан мөрдөн шалгалтын явцаддор хаяж сүүлийн гурван улирлын туршид тус багийн хамгаалагчдын дийлэнх нь өрсөлдөгчдөө гэмтэл учруулж байсныхаа төлөө нэмэлт урамшуулал авч байсан нь тогтоогдсон байна. Энэ шударга бус явдлыг илрүүлснээрээ тэрээр спортын түүхэнд гавьяа байгуулсан юм.

Хиггс Бозон

Бидний оршин тогтож байгаагийн эхлэл ч байж болох эгэл бөөмсийн талаар хийсэн шинэ туршилт энэ жилийн хамгийн онцгой үйл явдал байсан гэдэгт та санал нэгдэх үү. 1960-аад оноос эхлэн Шотландын физикийн ухааны доктор Петер Хиггс энэхүү эгэл бөөмийг судлаж байгаа.

Өнгөрсөн зуны хийсэн эгэл бөөмсийн нээлтээр үүнийг “бурханы бөөм” буюу Хиггс Бозом бараг л мөн хэмээн тогтоосон. Хигс бозон нь материйн масстай байх нөхцөлийг хангадаг учир орчлон ертөнц бүрэлдэн тогтоход чухал үүрэгтэй бөөмс юм. Хэрэв судалгааны эцсийн дүгнэлтээр "бурханы бөөм" мөн гэдэг нь тогтоогдвол хагас зуун жилийн турш нууц нь тайлагдаагүй байсан физикийн салбарын хамгийн том оньсого тайлагдаж, зууны шилдэг шинжлэх ухааны нээлтүүдийн нэгд тооцогдох болно.

Эрика Леонард Жемс

Үргэлжилсэн үгийн зохиолийн мастер гэгдэж буй Эрика Леонард Жемс оны онцлох хүнийг нэрлэж жагсаалтад багтжээ. Найзууд болон уншигчдынхаа дунд Эрика Леонард нэрээрээ илүү алдаршсан хатагтай. Түүний зохиолын онцлог нь хийсвэр сэтгэлгээнд тулгууралсан бодит бус ертөнцийг өгүүлдэг. Үүгээрээ бусад үргэлжилсэн үгийн зохиолчдоосоо ялгардаг ч гэж хэлж болно. Тэрээр энэ содон сэтгэлгээгээрээ эмэгтэйчүүдийн сэтгэхүйн онцлог болоод тэдний сексийн мэдрэмжийг нарийн өгүүлж чадснаараа уншигчдаас өндөр үнэлгээ авсан.

Реппэр Жей-Зи

Өдгөө 42 настай реппэр Жей-Зи энэ онд уран бүтээлийн болоод гэр бүлийнхээ хувьд хамгийн одтой байсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Түүний эхнэр поп дива Бионси төрж, урлагийн гэр бүлд бяцхан охин мэндэлсэн нь олны анхаарлыг татах зүй ёсны үйл явдал байсан.

Жей-Зи охиноо “Blue Ivy Carter” хэмээн нэрлэж охиныхоо нэрийг цорын ганц байхаар хуулийн байгууллагад хандсан ч хүслээрээ болгож чадаагүй. Түүний гэр бүл олны талархал хүртсэн сайхан гэр бүлүүдийн тоонд ордог. Тэрээр уран бүтээлээрээ ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд хамгийн их нөлөөтэй оролцсон хүмүүсийн тоонд ороод байна.

Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ontsgui hun:
Дэлхийн онцлог хүн шалгаруулах гэж байгаа юм шиг байна. Тэгсэн атлаа баахан Америкчууд
2012-12-06