Хар салхины улмаас амиа алдагсдын тоо 300 давжээ

img

Филиппиний зүүн өмнөд бүсийг дайрсан Бофа хар салхины улмаас амиа алдагсдын тоо  аль хэдийнэ 300 давж  хэдэн зуун гэмтэж бэртсэн гэсэн  харамсалтай мэдээлэл дэлхий нийтийн анхаарлыг зүй ёсоор татаж байна. Филиппиний иргэний хамгааллын төвөөс ирүүлсэн албан ёсны мэдээлэлд одоогийн байдлаар 325 хүн амь насаа алдаж, 379 хүн гэмтэж орон нутгийн эмнэлгүүдэд хүргэгджээ. Нас барсан иргэдийн дийлэнх нь өмнөд мужийн Минданао хотын Компостела тосгоныхон бөгөөд тэнд нийт 184 хүн амь насаа алдсан байгаа юм. Иргэний хамгааллын төвийн мэдэгдэж байгаагаар амиа алдагсдын тоо цаашдаа ч өсөх хандлагатай байгаа гэнэ. Учир нь гэмтэж бэртсэн иргэдийн олонх нь хүнд болон хүндэвтэр гэмтэл авсанд байгаа юм. Өмнөд мужууд гэрэл цахилгаангүй болохын сацуу зам тээврийн хөдөлгөөн нэг мөсөн зогссон байна.Гэсэн хэдий ч авран эрэн хайх ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаагаа орон нутгийн аврах албаныхан мэдэгдсэн юм. Мягмар гаригийн үдээс хойш шуурч эхэлсэн хар салхи хүчтэй аадар бороотой хослон нутгийн ихэнх хэсэгт үер болон хөрсний гулгалт үүсгэжээ.Үүний улмаас орон сууцуудын ихэнх нь дээвэргүй болохын зэрэгцээ, үерийн ус, шавар балчигт булагдсан аж. Цаг агаар муудаж эхэлсэн цагаас хойш гамшгийн бүсээс арван мянга орчим иргэн гэр орноо орхисон байна. Амьд гарагсад өндөр уулын орой болон өндөрлөг газарт олноороо цугларсан бөгөөд тэдний  ярьж байгаагаар хар салхины үед тэд яг л хүрхрээн дунд зогсож байгаа мэт санагдсан гэнэ. Хаа сайгүй хүчтэй дуу чимээ, аадар бороо асгарч байгаа нь ийм сэтгэгдэл төрүүлэх шалтгаан болсон нь дамжиггүй. Энэ хар салхи жилийнхээ ой дээр дахин энэ бүс нутгийг дахин дайрсан нь энэ юм. Жилийн өмнө Ваши хар салхинд цохигдон 1200 гаруй хүн амиа алдаж, олон зуун хүн бэртэж байсан. Филиппинийг дайрсан хар салхи одоо тус нутгийг орхин Хятадын зүүн эргийг чиглэж байна. Э.Мөнхнасан    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ