С.Оюун үйлдвэржсэн орнуудын хүлээх хариуцлагыг нэмэгдүүлэхийг уриалав

img

Катар улсын Доха хотноо хуралдаж байгаа Уур амьсгалын өөрчлөлтийн талаархи НҮБ-ын суурь конвенцийн талуудын Бага хурлын Сайд нарын хуралдаан дээр Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун үг хэллээ. Тэрбээр уур амьсгалын өөрчлөлтийн улмаас манай орны байгаль, экологийн тогтолцоонд ихээхэн өөрчлөлт орж, усны нөөц хомсдон, бэлчээрийн даац буурч цөлжих явц эрчимжиж байгаа нь  улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлж байна. Монгол улсын хувьд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг багасгах, дасан зохицох, хүлэмжийг хийг бага ялгаруулах хөгжлийн арга хэмжээг ногоон хөгжлийн бодлого, үйл ажиллагаатай  уялдуулан хэрэгжүүлж байна. Монгол улс ч гэсэн дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэх олон улсын хүчин чармайлтад өөрийн хувь нэмрээ оруулж, Япон зэрэг улс оронтой хүлэмжийн хийг бага ялгаруулах хөгжлийн түншлэл байгуулахаар  идэвхтэй хамтран ажиллаж байна. Түүнчлэн энэ удаагийн Бага хурлаар тодорхой шийдэлд хүрч, үйлдвэржсэн орнуудын хүлээх хариуцлагыг шинэчлэн тодорхойлох талаар шийдвэртэй, бодит алхам хийхийг зохион байгуулагчдад уриаллаа. Ингэхдээ байгаль орчныг ихээр бохирдуулж байгаа орнууд дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүний нөлөөлөл, эрсдлийг багасгахад дорвитой арга хэмжээ авч, хөгжиж байгаа орнуудад техник технологи, санхүүгийн дэмжлэг үзүүлэх механизм бүрдүүлэх нь хамгийн чухал хэмээн мэдэгджээ.     Мөн манай төлөөлөгчид “Байгалийн бэлчээрийг хамгаалах, түүний нүүрстөрөгчийн шингээлтийг нэмэгдүүлэх” тухай асуудлаар семинар хийж,  хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. Энэхүү арга хэмжээнд НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага, Олон улсын мал аж ахуйн судалгааны хүрээлэн, Цөлжилттэй тэмцэх конвенцийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, Зүүн Хойд Азийн эдийн засгийн судалгааны хүрээлэн, Швейцарийн Хөгжлийн агентлаг зэрэг байгууллагын төлөөлөгчид болон бусад улс орны  60 гаруй хүн оролцож,  санал бодлоо солилцжээ. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ