
УИХ-ын нэгдсэн чуулган эхэллээ. Үдээс хойшхи чуулганаар Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулийн 60 гаруй санал дүгнэлтийг хэлэлцэж байгаа юм.
УИх-ын пүрэв гарагийн үдээс өмнөх чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд анхны хэлэлцүүлгээр нь баталсан.
Мөн Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусган хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
Үүний дараа Төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай гэсэн багц төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.
Энэхүү багц төслийн хүрээнд орон нутаг бие даан санхүүжилтээ бий болгож, түүнийгээ захиран зарцуулах үүрэг хүлээж буй юм.
Гэхдээ орон нутгийнхны хувьд төвлөрүүлсэн хөрөнгөө хууль бусаар захиран зарцуулсан нөхцөлд төсөв ерөнхийлөн захирагч нарт хариуцлага хүлээлгэдэг болгох эрх зүйн зохицуулалтыг ч тусгаж өгчээ. Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуулийн хэлэлцүүлэг үргэлжилж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ