"УИХ-ын гишүүний нэг хариуцлагагүй мэдэгдэл 10 сая ам.долларын өрөнд оруулна"
Шинэчлэлийн Засгийн газар олон улсад 5 тэрбум ам.долларын үнэт цаасыг арилжахаар болсон юм. Энэ онд 1.5 тэрбум ам.долларын үнэт цаасыг худалдсан. Эл мөнгө арванхоёрдугаар сарын 05-ны өдөр буюу өнөөдөр Засгийн газрын дансанд бэлнээр орж ирсэн гэнэ. Тиймээс Чингис бондын цаашид хийх зарцуулалт, хяналтын талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гаргасан байна.
Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр мэдээлэл хийлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Үнэт цаас арилжаалсан мөнгөөр бид эдийн засгийн бие даасан аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн, үр ашигтай эргэн төлөлтийн баталгаатай салбаруудыг санхүүжүүлнэ. Хамгийн түрүүнд дэд бүтэц, үйлдвэрлэлийн чиглэлийг санхүүжүүлнэ. Харин төсвийн алдагдлыг нөхөх, нийгмийн халамжийг бүрдүүлэхэд зарцуулахгүйгээр тогтсон байна. Мөн мөнгөний эрсдэлийг багасгах талаар нэг төсөл хөтөлбөрт хийх санхүүжилт нь тухайн төслийн нийт санхүүжилтийн гуравны нэг хувиас хэтрэхгүй байхаар заасан. Өөрөөр хэлбэл алдагдал эрсдэлээс урьдчилан сэргийлж энэ шийдвэрийг гаргажээ. Үлдсэн хувийг бид гадаадын хөрөнгө оруулалтаар шийдэх хэрэгтэй. Энэ нь нөгөө талаас гадны хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах хэрэгтэй гэсэн.
Бид үнэт цаасыг авсанаар өнөөдрөөс эхлэн хүү нь бодогдож байгаа. Өөрөөр хэлбэл жилдээ 70 орчим сая долларын хүүг төлөх ёстой. Таван жилийн дараа хүүнд 1.5 сая доллар,арван жилийн дараа тэрбум доллар шууд шилжүүлэх ёстой болж байгаа. Тиймээс маш хурдан үр ашигтай, эрсдэлгүй салбарт зарцуулах хэрэгтэй.Мөн гэнэт үүсэж болзошгүй эрсдэлийн талаар бодлогын зөвлөл байгуулан ажиллах хэрэгтэй. Төсөл хөтөлбөрийн сонголт ил тод байх ёстой. Энэ бүх төсөл нь иргэний хяналтан дор, заасан цаг хугацаандаа хэрэгждэг байх ёстой.
Мөн засгийн газрын бодлогын залгамж чанар хадгалагдах ёстой. Энэ өмнөх Засгийн газрын үед авсан өр одоо бидэнд хамаагүй гээд орхиж болохгүй. Энэ бол Монгол орон өөрийн нэрийн өмнөөс авсан учир тасалдалгүй залгамж болон явна. Хэрвээ бонд өөр улсад зарагдах юм бол бид өөр улсын эрхшээлд орох аюул байгааг байнга санаж байх хэрэгтэй.
Энэ үнэт цаасыг Монгол улсын нэрийн өмнөөс гаргаж байгаа учир Ерөнхийлөгчөөсөө эхлээд төрийн албан хаагчид, УИХ-ын гишүүд, энгийн иргэд бүгд хариуцлагатай байх ёстой. УИХ-ын гишүүд өөрийн хийж байгаа нэг үг, нэг үйлдэл болгондоо хариуцлага хүлээх болж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл олон улсын хөрөнгө оруулагчдыг үргээсэн буруу мэдээлэл өгсөн үйлдэл гаргах бүртээ 10 сая долларын өр болж монголчуудын нуруун дээр бууна гэсэн үг. Тиймээс монгол улс хариуцлагатай улс болсон .Одоо дэлхий нийтийн өмнө бидний хийж байгаа алхам, хэлж байгаа үг бүхэн хариуцлага дагуулдаг болсоныг анхаарах хэрэгтэй.
Засгийн газраас гаргасан Чингис үнэт цаастай хоолбоотойгоор УИХ-д хандаж хоёр заалт оруулж өгсөн. Засгийн газрын үнэт цаасны зарцуулалт, эргэн төлөлт, түүнд тавигдах шаардлагатай холбоотой эрх зүйн зохицуулалтыг УИХ-ын намрын чуулганд багтаан бүрдүүлэх, үүндээ хариуцлагын асуудлыг тодорхой оруулж өгөх хэрэгтэй гэж заажээ.
Харин үнэт цаасны зарцуулалт, хяналтыг хийхэд Эдийн Засгийн байнгын хороо энэ хяналтыг хэрэгжүүлнэ. Харин үнэт цаасны хүүгийн болон үндсэн өрийг барагдуулах, түүнийг төсвийн эх үүсвэртэй уялдуулах асуудлыг Төсвийн байнгын хороо хариуцан ажиллахаар боллоо. Харин Засгийн газраас үнэт цаасаар санхүүжүүлж байгаа төсөв хөтөлбөрүүдийн талаар тухай бүрт нь Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ. Энэ хэлэлцсэн дүнгээ УИХ-ын даргад бичгээр мэдэгдэж байхаар тогтсон байна.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ