
Армений Ереван хотноо болж буй боксын залуучуудын ДАШТ-ий медалийн эзэд тодроод байна. Харамсалтай нь тус тэмцээнд улсаа төлөөлөн оролцсон Монголын долоон боксчин бүгд учраадаа дийлдэж, медалийн гадна үлдлээ. Манайхнаас хамгийн өндөр амжилтыг 49 кг-ийн М.Гандулам үзүүлж, шилдэг наймд шалгарсан юм. Тэрээр эхний даваанд гоц мөргөж, дараа нь Канадын Э.Гильярдыг 19:13-аар, Казахстаны А.Курметовыг 21:18-аар тус тус хожсон ч медалийн төлөөх тулаанд Узбекистаны М.Ахмадалиевт 24:14-өөр ялагджээ. Харин 52 кг-ийн Х.Энхдэлгэр Австралийн Л.Попыг 25:11- ээр хожиж, Пуэрто-Рикогийн Ж.Кинтронд 18:13-аар, 56 кг-д тоглосон О.Норовбал Шри-Ланкийн тамирчныг 25:2-оор, Мексикийн Д.Де Ла Ойяг 11:6-гаар ялж, Германы О.ЭльХагт 12:7-гоор дийлдсэн юм. 60 кг-д өрсөлдсөн А.БадарУуган Болгарын П.Драгановыг 21:14-өөр хожоод Ирландын Х.Невинд 18:9-өөр, 69 кг-ийн Х.Ерган Японы А.Минаминог 23:9-өөр буулгаж аваад Казахстаны А.Шлеивт 13:5-аар ялагдав. Харин 64 кг-ийн О.Батзориг, 75 кг-ийн Х.Векнур нар эхний даваандаа дийлдэн тэмцээнийг өндөрлүүлжээ.
Ш.Түмэнбаяр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ