
Өнгөрсөн сарын 22-ноос эхэлсэн Египетийн ерөнхийлөгч Мохамед Мурсиг эсэргүүцсэн бослого хөдөлгөөн улам бүр даамжирч Каир хотод иргэний дайны шинж бүрэлдэж байгаа талаар олон улсын шинжээчид хэлж байна. Бослогоор таван хүн амь насаа алдаж, 350 гаруй хүн шархдаж, гэмтэж бэртээд байгаа.
Египетийн "Аль-Масри аль-Яум" сонинд ч Ерөнхийлөгчийн ордны ойролцоо болж байгаа үймээн самууныг иргэний дайн гэж дүгнэжээ. Эмх замбараагүй байдал үүссэн хороолол руу шархдаж бэртсэн хүмүүсийг аврах гэж очсон түргэн тусламжийн тэргийг оруулахгүй байгаа талаар "ИТАР-ТАСС" мэдээллээ.
"Мусульман ахан дүүс"-ийн лидер Абдель Монейм Абу аль-Футух "Ерөнхийлөгчийн ордны гадаа цус асгарсанд зөвхөн Ерөнхийлөгч л буруутай. Аюулгүйн албаны ажилтнуудыг Мухаммед Мурсийн талынхнаар солино гэдэг бол төр улсын сүйрэл" гэж үзэж байгаа аж.
Ерөнхийлөгч Мухаммед Мурси өчигдөр Кайр хот дахь ерөнхийлөгчийн ордонг орхижээ. Түүнийг эрх мэдлээ нэмэгдүүлж, дарангуйлал тогтоох гэж байна хэмээн иргэд нь эсэргүүцэж байгаа юм. Харин Мухаммед Мурси нөхцөл байдлыг намжааж, жагсагчдыг тайвшруулахын тулд ордонг орхиж явсан хэмээн Батлан хамгаалах яамны төлөөлөгч нь мэдээлжээ.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ