
Өнөөдөр “Улаанбаатар” зочид буудалд "Нийгмийн шударга ёс ба эрүүл мэнд" сэдэвт онол парктикийн бага хурал болж байна. Энэ нь нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр зохион байгуулж буй хоёр дахь удаагийн хурал юм.
ЭМЯ-наас 2012 оныг Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын жил болгон уриалсантай уялдуулан энэхүү бага хурлын дэд хурлуудыг холбогдох сэдвүүдээр зохион байгуулахаар төлөвлөж байна. Үндсэн дөрвөн сэдэвт Эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмж, тэгш байдал, Орчны эрүүл мэнд, Архи, тамхины хяналт ба халдварт бус өвчний бусад эрсдэлт хүчин зүйлс, Нийгмийн эрүүл мэндийн бусад асуудлуудын тухай багтаж байгаа юм.
Энэхүү хурал нь Монголын эрүүл мэндийн салбарын томоохон ололт амжилт, хүндрэл бэрхшээлийн талаар мэдлэг, мэдээлэл солилцож, эрүүл мэндийн салбарын цаашдын хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой. Монголын нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэгээс зохион байгуулж байгаа тус хуралд одоогоор нийт 120-иод эрүүл мэндийн салбарын удирдлага, эрдэмтэн судлаачид, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд, сайн дурын идэвхтэн, эмч мэргэжилтнүүд оролцохоо илэрхийлжээ. Энэ онд өмнөх жилтэй харьцуулахад Өмнөговь, Дорнод, Өвөрхангай, Дархан, Говь-Алтай, Хөвсгөл зэрэг хөдөө орон нутгийн Эрүүл мэндийн газрын эмч мэргэжилтнүүд оролцож байна.
Г.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ