Хадгаламжийн хуулийг хэлэлцлээ

img

УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга, Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн зарим заалт хүчингүй болсонд тооцох тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт хүчингүй болсонд тооцох тухай, Хувь хүний нууцын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийн талаар НББСШУ-ны байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Баярсайхан танилцууллаа. Байнгын хорооны хурал дээр дэмжигдсэн зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай заалтуудаар санал хурааж гишүүдийн олонх дэмжсэн юм. Тухайлбал төрийн захиргааны төв байгууллага ХДХВ, ДОХ-оос сэргийлж тухайн салбартаа хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж хяналт тавих, сургалт сурталчилгааны ажлуудыг зохион байгуулах, халдвар авсан хүний эрхийг хангах эдийн засаг, санхүү, эрх зүйн болон нийгмийн баталгааг бүрдүүлэх арга хэмжээг авах, баталгаажаагүй цус, цусан бүтээгдэхүүн, эхийн сүү, донорын эрхтэн болон зүү тариур, эмнэлгийн бусад хэрэгслээр ХДХВ тархахгүй байх нөхцлийг бүрдүүлэх зэрэг саналыг дэмжсэн юм. Мөн садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн 12-р зүйлд зохих өөрчлөлтийг 2012 оны 1-р сарын 19-ний хуулиар өөрчлөлт оруулсан тул уг хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах тогтоолын төслийг дэмжлээ. Ийнхүү хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж санал хураалт явуулснаар эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхээр Нийгмийн бодлого боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ. Үүний дараа Монгол Улсын засгийн газраас өргөн барьсан Хадгаламжийн даатгалын тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн болон “Хадгаламжийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын их Хурлын тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ч.Улаан танилцуулсан бол Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан танилцууллаа.

Улсын Их Хурлаас 2008 онд баталсан Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хууль нь богино хугацаанд банкны үйл ажиллагааг дэмжиж санхүүгийн тогтвортой байдлыг хангасан хямралын үеийн оновчтой шийдэл байсан. Энэ хуулийн хэрэгжих хугацаа дуусаж байгаагаас гарч болзошгүй аливаа хямралын улмаас төсөвт учруулах дарамтыг бууруулах, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилгоор Хадгаламжийн даатгалын тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөл нь 7 бүлэгтэй. Хуулиар Хадгаламжийн даатгалын корпораци хэмээх байгуулагыг шинээр бий болгож банкинд хадгаламж эзэмшигчдийн 20 сая хүртэл төгрөгийг тухайн банк заавал даатгаж байх зохицуулалтыг тусгасан байна. Валютын хадгаламжийн хувьд 20 сая төгрөг хүртэл хэмжээгээр нөхөн төлөхөөр төсөлд тусгажээ.

Хадгаламжийн даатгалын байгууллага нь бие даасан хараат бус байж хадгаламжийн даатгалын хураамж татан төвлөрүүлэх, санд төвлөрсөн хөрөнгийг хуулийн дагуу удирдах, гишүүн банкуудын санхүүгийн эрсдэлийг үнэлэх, даатгалын тохиолдол гарсан үед хадгаламж эзэмшигчдэд нөхөн олговор олгох гэсэн үндсэн үйл ажиллагааг эрхлэх юм. Корпорацийн анхны санг бүрдүүлэхэд Сангийн яам, Монгол банк тус бүр 50 тэрбум, арилжааны банкуудаас 100 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.

УИХ-ын гишүүн Г.Уянга Мөнгөн хадгаламжийн баталгааны хугацааг сунгах ямар шаардлага байгаа талаар асуусан юм. Хууль хэрэгжиж Хадгаламжийн даатгалын корпорацийн үйл ажиллагаа жигдэртэл тодорхой хугацаа орох учраас энэ хугацаанд хуулийн хугацааг сунгах шаардагатай байгаа гэж Монгол банкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан хариуллаа. Өнөөдөр банкинд хадгаламж эзэмшигчдийн 99 хувь нь 20 сая хүртэл төгрөгийн хуримтлалтай байдаг учраас нийт хадгаламж эзэмшигчдийн ихэнх нь хамгаалагдах юм байна. Өндөр хадгаламжтай иргэдийн эрсдэлийг бууруулахын тулд босгыг нэмбэл банкны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй учраас энэ удаа 20 сая төгрөгөөс илүүгээр тогтоох боломжгүй хэмээн төсөл санаачлагчид тайлбарласан юм.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд хадгаламж эзэмшигчид хадгаламжаа 20 сая төгрөгт тааруулан тараан байршуулах, банкууд даатгалын хураамжийг хариуцсанаар зээлийн хүү нэмэгдэх, банкны үйлчлүүлэгчдийн нууцлал, итгэлцэл алдагдах эрсдэлийг сайтар тооцоолох, корпорацийн бие даасан байдлыг хангахад анхаарах, даатгалын санд хуримтлагдсан хөрөнгийг өөр зүйлд эх үүсвэр болгохоос сэргийлэх зэрэг зохицуулалтад анхаарахыг сануулсан юм.

Өндөр хадгаламж эзэмшигчдийн эрсдэлийг багасгахын тулд арилжааны даатгалын өөр арга замын ашиглах боломж байгааг төсөл санаачлагчид хэлж байлаа.

Энэ өдрийн хуралдаанаар хуулийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж байгаа учраас цаашид байнгын хорооны хэлэлцүүлгийн үед гишүүд саналаа тусгуулах, тодорхой болгох боломж байгаа гэж УИХ-ын дарга З.Энхболд хэллээ. Ийнхүү Хадгаламжийн даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн гишүүдийн 74 хувь дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлснээр өнөөдрийн хуралдаан өндөрлөв. УИХ-ын чуулганы маргаашийн /2012.12.07/ нэгдсэн хуралдаанаар “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Сэтгэцийн эрүүл мэндийн тухай, Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэнэ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ