
Хятадын баруун хойд нутгийн Ганьсу мужийн засаг захиргааны төв Ланьжоу хотын дарга Юань Жаньтинийг авилгын хэргээр шалгаж эхлэжээ.
Эндхийн сахилга шалгах комиссын мэдээлснээр, төрийн албан хаагчийн цалингаар огт худалдан авч чадахааргүй тансаг цаг зүүсэн хотын даргын гэрэл зургууд Интернэтэд гарсантай холбогдуулан мөрдөн шалгаж эхлэсэн байна. Интернэт хэрэглэгчид хэдхэн өдрийн дотор гэрэл зургуудад 6,5 сая гаруй тайлбар бичжээ.
Зургуудад Юань Жаньтин 200 мянган юанийн (31,7 мянган ам. доллар) үнэтэй швейцарийн нэрт “Вашерон Константин” пүүсийн цаг, 150 мянган юанийн (24 мянга гаруй ам. доллар) “Омега” цаг, 213 мянган юанийн (бараг 35 мянган ам. доллар) үнэтэй “Ролекс” цаг зүүсэн байжээ.
Түрүүнд нь есдүгээр сард төв нутгийн Шэньси мужид Ян овогт ажилтан албан тушаалаасаа халагдсан байна. Үнэтэй бугуйн цаг зүүсэн түүний гэрэл зургууд Интернэтэд гарсан нь түүнийг ийнхүү огцрох шалтгаан болжээ.
ХКН-ын ТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Зиньпин өнгөрсөн мягмар гаригт улс төрийн товчооны хуралдаан дээр үг хэлэхдээ, ажлынхаа арга барилыг өөрчилж, өргөн олон түмэнд ойр байхыг хятадын албан хаагчдаас шаарджээ. Тансаг амьдралаас татгалзаж, хүн амын “дэмжлэг, итгэлийг олохын тулд” янз бүрийн арга хэмжээний тоог цөөрүүлэхийг тэр бас уриалсан байна.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ