Каирт “Лалын ах дүүс” намын төв байрыг шатаажээ

img

Өнгөрсөн пүрэв гаригт  хэсэг хүн халдлага үйлдсэнээр Каир хот дахь эрх баригч “Лалын ах дүүс” намын гол байранд  гал гарчээ.Тус хөдөлгөөний албан ёсны төлөөлөгчийн хэлснийг  Франс пресс агентлаг иш татахдаа, галдан шатаахад 200 орчим хүн оролцсоныг мэдээлсэн байна. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, тэднийг байшингаас шахан холдуулж  чаджээ. Ингэхдээ хууль сахиулах байгууллагынхан нулимс асгаруулагч хий хэрэглэснийг агентлагийн сурвалжлагч дурдсан байна. Мөн Каир хотын өмнөд захад байдаг эрх баригч намын  нэг байрыг бас шатаах гэж оролдсоныг Ройтерс агентлаг мэдээлжээ. Тахрирын талбайд ерөнхийлөгчийн ордны өмнө мөргөлдөөн болох үеэр лхагва гаригт долоон хүн амь үрэгдэж, 600 гаруй хүн бэртэж гэмтсэн байна. 15 цагаас хойш талбайд цугларахыг эрх баригчид хоригложээ.  Энэ цагаас хойш ордны дэргэд цугларсан хүмүүсийг египетийн цэргийнхэн хөөж эхлэсэн байна. Пүрэв гаригийн орой ерөнхийлөгч улсын телевизийн сувгуудын шууд нэвтрүүлгээр үндэсний яриа хэлцээ хийхийг сөрөг хүчинд уриалав.  Хямралаас гарах арга замыг хэлэлцэхээр ирэх бямба гаригт улс төрийн намууд болон “хувьсгалт залуучуудын” удирдагчидтай уулзахыг тэр санал болгожээ. Ройтерс агентлагийн уламжилснаар, залуучуудын “Дөрөвдүгээр сарын зургаан” гэдэг сөрөг хөдөлгөөний идэвхитнүүд саналыг няцаагаад,  өнөөдөр эсэргүүцлийн шинэ ажиллагаанд  оролцохыг хүмүүст уриалсан байна. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ