Өдөрт 6000 алхвал бүсгүйчүүдийг элдэв асуудлаас аварна

img

Амьдралынхаа дунд үе хэвийж яваа олон эмэгтэй хүний нэг гол асуудал бол түүний бие хөгширч байгаагийн  шинж болох цэвэршилтийн үе байдаг. Энэ таагүй байдлыг олон хүүхэн мэдэж л байгаа, гэхдээ үүнийг аргалах юм уу, наанадаж энэ шинж тэмдгийг мэдрэхгүй байх боломж бий гэж Бразилийн эрдэмтэд үзэж байна. Өдөрт 6 мянга алхах нь цэвэршилтийн үеийн элдэв асуудлаас хамгаалах сайн хэрэгсэл гэж тэд хэлж байна шүү. Хөдөлгөөн нь нөгөө балай жин нэмэгдэхээс салахад туслах төдийгүй, цэвэршилттэй холбоо бүхий  элдэв шинж, түүний дотор чихрийн шижин өвчин болон түүний өмнөх  бодисын солилцооны хам шинж илрэх эрсдэлийг багасгадаг байна. Эрдэмтэд Бразилийн Пасу-Фунду хотын 45-72 хүртэл насны 292 эмэгтэйд шинжилгээ хийж, өдөр бүр тэдний явдаг алхмыг тооцжээ. Ингээд  цусан дахь холестерин болон сахарын хэмжээг шалгаж, бүсэлхий, гуяыг хэмжиж, түүнчлэн чихрийн шижин болон зүрх судасны элдэв өвчинтэй болох эрсдэлийг ихэсгэдэг  гэдэсний өөхний хэмжээг  бас хэмжиж үзсэн байна. Өдөрт зургаан мянга болон түүнээс олон  алхсан эмэгтэйг идэвхтэй, үүнээс бага алхсаныг идэвх муутай гэж үзжээ. Идэвхтэй хөдөлгөөнтэй эмэгтэйчүүд идэвхгүй эмэгтэйчүүдийг бодвол таргалах магадлал бага байсныг Умард Америкийн “Menopause” сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны дүн харуулсан байна. Түүгээр ч барахгүй, цэвэршилт ирсэн үү, үгүй юү  гэдгээс үл шалтгаалан эхний бүлэг эмэгтэйд  бодисын солилцооны ноцтой хам шинж юм уу чихрийн шижин өвчний шинж тэмдэг бараг илрээгүй ажээ.  Ер нь цэвэршилтийн дараа эдгээр өвчин тусах эрсдэл ердийнхөөс хавьгүй их байдаг ажээ. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ