Н.Энхбаяр буцаж, элчин сайдууд томилогдов
УИХ-ын дарга З.Энхболд өнгөрөгч долоо хоногт таван гишүүний тангараг өргөх асуудлыг хойш тавин УИХ-ын нэгдсэн чуулганыг хуралдуулан, үнэт цаасны тухай хуулийн төслийг хэлэлцсэн бол үүнтэй зэрэгцэн Монгол Улсын Ерөнхийлөгч ч Үндэсний аюулгүй байддын зөвлөлөөс эл асуудлаар зөвлөмж гаргасныг олон нийтэд хүргэсэн юм.
Түүнчлэн халуун зуны сүүлчээс өвлийн эхэн сар хүртэл олны анхааралд байж хүлээлт дагуулсан экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын хэргийг дээд Шүүхээс эцэслэн шийдсэн нь нийгмийн анхаарлын төвд байлаа. Ингээд "Шууд.эм эн" сайт өнгөрөгч долоо хоногт болсон онцлох үйл явдлаас тоймлон хүргэе.
Үнэт цаасны тухай зөвлөмж гарав
Шинэчлэлийн Засгийн газрын олон улсад худалдахаар төлөвлөсөн таван тэрбум ам.долларын үнэт цааснаас энэ онд 1.5 тэрбумыг худалдсан. Эл мөнгө өнгөрөгч долоо хоногт Засгийн газрын дансанд бэлнээр орж ирсэн юм. Тиймээс Чингис бондын цаашид хийх зарцуулалт, хяналтын талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гаргасныг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олон нийтэд танилцуулсан юм.
Үнэт цаас арилжаалсан мөнгөөр эдийн засгийн бие даасан аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн, үр ашигтай эргэн төлөлтийн баталгаатай салбаруудыг санхүүжүүлах аж. Хамгийн түрүүнд дэд бүтэц, үйлдвэрлэлийн чиглэлийг санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Харин төсвийн алдагдлыг нөхөх, нийгмийн халамжийг бүрдүүлэхэд зарцуулахгүйгээр тогтсон байна. Үнэт цаасыг авсан өдрөөс хүү нь бодогдож байгаа. Өөрөөр хэлбэл жилдээ 70 орчим сая долларын хүүг төлөх ёстой. Таван жилийн дараа хүүнд 1.5 сая доллар,арван жилийн дараа тэрбум доллар шууд шилжүүлэх ёстой болж байгаа. Тиймээс маш хурдан үр ашигтай, эрсдэлгүй салбарт зарцуулах хэрэгтэйг Ерөнхийлөгч сануулсан. Мөн гэнэт үүсэж болзошгүй эрсдэлийн талаар бодлогын зөвлөл байгуулан ажиллах хэрэгтэй. Төсөл хөтөлбөрийн сонголт ил тод байх ёстой гэдгийг онцолсон юм.
Эл үнэт цаасыг Монгол улсын нэрийн өмнөөс гаргаж байгаа учир Ерөнхийлөгчөөсөө эхлээд төрийн албан хаагчид, УИХ-ын гишүүд, энгийн иргэд бүгд хариуцлага үүрэг аж. УИХ-ын гишүүд өөрийн хийж байгаа нэг үг, нэг үйлдэл болгондоо хариуцлага хүлээх болж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл олон улсын хөрөнгө оруулагчдыг үргээсэн буруу мэдээлэл өгсөн үйлдэл гаргах бүртээ 10 сая ам.долларын өр болж монголчуудын нуруун дээр буух болж байгаа гэнэ. Тиймээс Монгол улс хариуцлагатай улс болсон. Одоо дэлхий нийтийн өмнө бидний хийж байгаа алхам, хэлж байгаа үг бүхэн хариуцлага дагуулдаг болсныг анхаарах ёстойг сануулан зөвлөмжөө танилцуулсан юм.
Н.Энхбаярын ялыг хөнгөрүүллээ
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Н.Энхбаяр, Д.Дуламсүрэн, Д.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал нарт холбогдох өнгөрөгч баасан гарагт хянан хэлэлцсан юм.
МАХН-ын дарга Н.Энхбаяр нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байхдаа албан тушаалын байдлыг урвуулан ашиглаж, эрх бүхий албан тушаалтан нартай бүлэглэн Өргөө” зочид буудал болон “Улаанбаатар таймс” сонин НӨҮГ-уудыг хууль бусаар хувьчилж, өөрийн үүсгэн байгуулсан “Эскон” ХХК-ийн охин компани болгон завшиж, онц их хэмжээний хохирол учруулсан нь нотлогдсон байна гэж үзэв. Мөн Д.Дуламсүрэн, Д.Чулуунбаатар нарыг эдгээр хэрэгт хамтран оролцогчоор тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дээд Шүүхээс дүгнэлээ.
Харин Н.Энхбаяр нь Япон улсын Буддын шашны Агоншү шашны байгууллагаас ирүүлсэн телевизийн тоног төхөөрөмжийг завшсан болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалын байдлыг урвуулан ашиглаж, Ж.Мягмаржаргалтай хамтран “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д онц их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдлүүдийг шалгасан хэдий ч хангалттай нотлогдож тогтоогдоогүй байна гэж үзэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгов.
Ийнхүү Дээд шүүхээс Н.Энхбаяр, Ж.Мягмаржаргал нарт холбогдох хэргийн зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулан шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын хэмжээг багасгаж, биечлэн эдлэх ялыг Н.Энхбаярт 2 жил 6 сар, Ж.Мягмаржаргалд 1 жил байхаар тогтоож, харин Д.Чулуунбаатарт оногдуулсан 2 жил 1 сарын ял хорих болон Д.Дуламсүрэнг өршөөн хэлтрүүлснийг тус тус хэвээр үлдээлээ.
Элчин сайдууд томилогдов
УИХ-ын нэгдсэн чуулганы баасан гарагын хуралдаанаар Элчин сайдуудыг томилох асуудлыг хэлэлцсэн юм. Хуралдаанаар Элчин сайдад нэр дэвшигчдийн дэмжье гэсэн санал хураалт явуулж, Лалын Бүгд Найрамдах Афганистан Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар О.Дамбийням, Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар С.Энхбат нарыг олонхын дэмжлэгээр баталлаа.
Түүнчлэн БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар Б.Ганболдыг, БНТУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар Б.Батхишигийг, БНАУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар Г.Батжаргалыг, БНКУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар Ж.Сүхээ, АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар Б.Алтангэрэлийг, Бельгийн Вант Улс болон Европын холбоонд суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар Х.Даваадорж гишүүд санал нэгтэй дэмжсэн юм.
Хэлэлцүүлгийн үеэр гишүүд гадаадад Монгол Улсаа төлөөлөн суух Элчин сайдуудыг үр ашигтай, хариуцлагатай ажиллахыг сануулсан юм.
Гадаад худалдааны шат дамжлагыг цөөрүүлэх хуулийн төслийг дэмжлээ
Засгийн газрын хуралдаанаар Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Бизнес эрхлэх орчны үзүүлэлтийг тодорхойлдог нэг чухал салбар бол гадаад худалдаа. Дэлхийн банкны судалгаагаар Монгол Улс гадаад худалдааны орчноор 2012 онд дэлхийн орнуудаас 174 дүгээр байрт эрэмбэлэгджээ. Үүнд манай улсын гаалийн хууль тогтоомж, хилийн боомт болон авто зам, төмөр замын дэд бүтцийн сул хөгжил, гааль, мэргэжлийн хяналт, хилийн хяналтын байгууллагуудын ажлын уялдаа холбоо, хүнд суртал голлох нөлөө үзүүлсэн байна.
Үрэлгэн, цаг хугацаа алдсан, хүнд суртал, авлигыг дэмжсэн энэ буруу жишгийг өөрчлөхийн тулд Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан юм. Хуулийн төсөлд барааг гаалийн хилээр нэвтрүүлэхэд шаарддаг 10 төрлийн бичиг баримтыг 4 болгохоос эхлээд шаардлагагүй шат дамжлагыг цөөрүүлсэн олон зохицуулалт орсон тул Засгийн газрын хуралдаанаас дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ