
TV9 телевизийн 40 ажилчин нэг зэрэг ажлаасаа халагдаад байгаа билээ.Үүнд программ, зураглаач, спортын албаныхан мөн зарим нэг дууны найруулагч, жолооч нар багтаж байгаа юм. Тэгвэл дөнгөж сая TV9 телевизийн 40 ажилчин энэ асуудлаараа хэвлэлийнхэнд хандлаа. Тэд ажлаас халагдсан асуудалд өөрсдөө албан ёсны мэдээлэл өгөхийг зорьж байгаагаа хэлээд, сүүлийн хоёр сарын хугацаанд өмнө нь Кино программын албанд ажиллаж байсан н.Долгор хэмээх эмэгтэй захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Энэ хугацаанд н.Долгор, н.Ариунболд, н.Баярсайхан хэмээх гурван хүний ажлын арга барил нь бидний бидний уран бүтээлийн ажлыг хааж, боосоор ирлээ. Тиймээс манай телевизийн 60 гаруй уран бүтээлч эвлэлдэн нэгдэж, өнгөрсөн сарын 26-нд Төлөөлөн удирдах зөвлөлдөө хандаж, эдгээр хүмүүстэй хамтарч ажиллаж чадахгүй гэдгээ мэдэгдсэн албан бичгийгхүргүүлсэн. Харин ТУЗ-ийн зүгээс бидний шаардлагыг хүлээж аваагүй.Улмаар энэ сарын 05-ны өдөр таван хүнийг хурал цуглаан зохион байгуулсан гэдэг үндэслэлээр ажлаас нь халсан бол маргааш өдөр нь нэгэн зэрэг 28 хүний ажлаас гарах тушаалыг гаргасан байсан.
Программын албаны дарга н.Баярсайхан гэдэг хүнд л гэхэд хараалгаж, зүхүүлээгүй хүн тус телевизэд бараг байхгүй. Биднийг "Н.Энхбаярын угаадсыг идэж байгаа" хэмээн доромжилдог. Өнөөдөр Н.Энхбаяр гэдэг хүн өөрөө тэгж хэлээгүй байхад тэр хүн энэ мэтээр дайрч давшилдаг. Мөн захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа н.Долгор захирал энэ хоёр сарын хугацаанд гурван ч удаа ажлынхаа өрөөг сольсон. Сүүлдээ бидний хоолны өрөөг булаасан гэсэн юм. Эцэст нь хэлэхэд бид дээрх нэр дурдсан гурван хүнтэй хамтарч ажиллаж чадахгүй, тэднийг өөрчилж өгөхийг л Төлөөлөн удирдах зөвлөлдөө хандсан болохоос биш цалин мөнгөө нэмүүлье гэдэг ч юм уу өөр шаардлага тавиагүй гэдгээ хэлсэн юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ