
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн сард тус улсын зүүн өмнөд нутгийг дайрсан Сэнди хар салхины улмаас учирсан 60 гаруй тэрбум ам.долларын эрэлд гараад байгаа. Тэрбээр өнгөрсөн баасан гаригт конгрессоос энэ хэмжээний мөнгө байгаа эсэхийг асуусан байна. Цагаан ордны төсвийн хяналтын мэргэжилтнүүдийн мэдээлснээр Сэнди хар салхинд өртөж, 120 хүн амиа алдаж, олон мянган хүн орон гэргүй болоод байгаа. Иймд энэ сарын 12-нд мөн Америкийн урлаг, соёлын одод дахин хандивын тоглолт хийхээр төлөвлөжээ.
Хар салхи Америкийг дайрснаас хойш тусламж, аврах ажиллагаа, хохирлыг арилгахад нийтдээ 80 тэрбум ам.доллар зарцуулаад байна. Гэсэн хэдий ч бүс нутаг хэвийн байдалдаа орж чадаагүй байгаа учир хохирлыг дахин тооцоолж 60 тэрбум ам.доллар хэрэгцээтэй байгаа гэсэн тооцоо гаргажээ. Эдийн засгийн хэмнэлт, татварын бодлогод шинэчлэл хийж буй энэ цагт 60 тэрбум ам.доллар гэдэг чангахан сонсогдож байгаа ч ерөнхийлөгч Обама “Гэнэт ирсэн байгалийн гамшигт нэрвэгдсэн ард иргэдээс гар татаж болохгүй. Бид эдийн засгийн ямар ч нөхцөлд байсан тэдэнд тусалж, тэднийг урьдын хэвэндээ орох алхамд нь дэмжлэг үзүүлэх ёстой” гэдгийг хэлсэн юм.
Сэнди хар салхи Америкийн түүхэнд бичигдсэн гурав дахь хамгийн хүчтэй шуурга хэмээн тэмдэглэгдсэн юм. Үүнээс өмнө 2005 оны Катерина хар салхи, 1992 оны Эндрю хар салхи хамгийн хүчтэйд тооцогдож байв.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ