Нэрт дуучин Женни Риверийн нисэх онгоц Мексикийн умард нутагт алга болжээ

img

Мексик-америкийн нэрт дуучин Женни Риверийн сууж явсан бөгөөд Мексикийн умард нутагт алга болсон жижиг нисэх онгоцыг эрэх ажил одоогоор үр дүнгүй болж байна. Ням гаригт тус  орны Холбоо, тээврийн яамны төлөөлөгчдийн мэдэгдсэнээр, хоёр нисдэг тэрэг оролцсон эрэх ажил үргэлжилж байгаа ажээ. Америкийн “Starwood  Management” пүүсийн мэдлийн “Learjet 25”  нисэх онгоцонд долоон зорчигч, хоёр нисэгч явсан байна.  Нисэх онгоц  зүүн хойд нутгийн Монтеррей  хотын нисэх буудлаас хөөрч, Мехико хотоос холгүй орших Толука хотыг чиглэн явж байгаад холбоо тасарчээ. Алга болсон нисэх онгоцонд сууж явсан зорчигчдын жагсаалтад Женни Долорес Ривера Сааведра (дуучны бүтэн нэр) байсныг Мексикийн эрх баригчид нотлосон байна. Бямба гаригт тэр Монтеррей  хотод концерт тогложээ. Ням гаригийн орой Мексикийн телевизийн “Телевиса” компанийн нэг шууд нэвтрүүлэгт оролцохоор төлөвлөж байжээ. 43 настай Женни Ривера бол Латин Америк болон АНУ-д нэрд гарсан дуучин бөгөөд 22 сая гаруй хуурцаг худалджээ.  Дуучин Латин Америкийн урлаг, шинжлэх ухааны академийн хөгжмийн шагнал болох “Латины Грэмми”-ийг нэг бус удаа хүртэж байсан юм. С.Золбоо  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ