
Арабын улсуудын холбоо (АУХ) “албан тушаалаа орхиж, засгийн эрхийг шилжилтийн засгийн газарт шилжүүлэхийг” Сирийн ерөнхийлөгчид өчигдөр дахин уриалав.
“Ийм алхам нь хоёр дахь жилдээ үргэлжилж буй тус орны цус урсгасан хэрэг явдал, эвдэн сүйтгэх ажиллагааг эцэс болгоно” гэж Доха хотод болсон АУХ-ны Сирийн асуудал эрхэлсэн сайд нарын хорооны хуралдааны төгсгөлд зарласан байна.
“Бид зөвшөлцлийн аргаар сирийн хямралыг зохицуулахыг хүсч байсан ч, эрх баригчид сунжруулах арга замыг сонгнож, өөрийн ард түмнийг устгасаар байна.
Ийм нөхцөлд засгийн эрхийг шилжүүлэх нь цорын ганц боломжийн шийдвэр болно” гэж Катар улсын ерөнхий сайд Хамад бен Жасем Аль Тани хэвлэлийн хурал дээр мэдэгджээ. “Хэрвээ Сирийг захирч байгаа хүмүүст бас эрүүл саруул санаа бодол үлдсэн бол, тэд цус урсгасан хэрэг явдлыг зогсоох шилжилтийн үйл явцыг нэн даруй эхлүүлэх хэрэгтэй” гэж тэр хэлсэн байна.
Марракеш хотод маргааш нээгдэх “Сирийн ах дүү нарын бүлгийн” уулзалтаар шейх Ахмед Муаз аль-Хатыб тэргүүтэй “Сөрөг болон хувьсгалт хүчний үндэсний эвслийг” албан ёсоор хүлээн зөвшөөрөх ажээ.
Каир хотод өчигдөр нээгдсэн дээрх эвслийн удирдах зөвлөлийн хуралдаанаар ирээдүйн шилжилтийн танхимын ерөнхий сайдад нэр дэвшигчийг хэлэлцэж байна.
Долоодугаар сард босогчидтой нийлсэн бригадын генерал Селим Идрис тэргүүтэй “сирийн хувьсгалын цэргийн нэгдсэн командлал”-ыг байгуулсан тухай түрүүнд нь зарлажээ. Телевизийн “Аль-Жазира” сувгийн мэдээлснээр, Идрис цэргийнхний дунд их нэр хүндтэй бөгөөд боловсрол сайтай, аядуу үзэл бодол баримтладаг нэгэн ажээ.
С.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ