Өнөөдөр төрийн ордны Иргэний танхимд "Хүний эрхийг хамгаалах олон улсын өдөр"-т зориулсан хэлэлцүүлэг боллоо. Энэхүү хэлэлцүүлэгт хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцов. Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн Ж.Батзандан Монгол дахь хүний эрхийн асуудлаар илтгэл тавьсныг бүрэн эхээр нь хүргэж байна.
Эрх чөлөөг эрхэмлэгч Эрхэм журмын нөхөд өө...
“Энэ хорвоогийн хамгийн амтат жимс бол эрх чөлөө” гэдэг үгээр Та бүхэндээ “хүний эрхийн өдрийн” халуун мэндийг дэвшүүлэе.
Хүчирхийлэл, нийгмийн шударга бус байдлын золиос болж аавыгаа алдсан охинтой, хүүгээ алдсан ээжтэй, ахыгаа алдсан дүүтэй, амьдралаа алдсан хүмүүстэй би өдөр бүр уулздаг юм.
Иймд энэ талаар би Та бүхэнтэй санал бодлоо хуваалцая гэж шийдлээ.
Өчигдөрхөн миний бие хойд эцэг, эх хоертоо хэвтэрт ортлоо зодуулсан 7 настай хүүг эргэж очсон юм. Тэр хүү ээжийнхээ түрийвчнээс 300 төгрөг авсаныхаа төлөө 4 цаг орчим суран тэлээний төмөр арлаар хөх няц болтлоо зодуулжээ. Хөрш эмэгтэй нь мэдээгүй байсан бол тэр хүү амь насаа алдах байлаа. Мөн тухайн хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагчтай нь бас уулзлаа. Тэрээр хүүгийн биед хүнд гэмт гэмтэл учруулсан эцэг эхэд нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авалгүйгээр шууд суллаж явуулсан байх юм. Би мөрдөн байцаагчид хандаж 2 асуулт тавьсан юм.
1-т: хүмүүс чамайг хэвтэрт ортол чинь 4 цаг зодсон бол чи яах байсан бэ гэж асуусан?
2-т: Чамайг зодсон хүмүүсийг чинь өөртэй чинь ижил цагдаагийн ажилтан зүгээр суллаад явуулчихвал та баярлах байсан уу гэж асуусан...
Мөн түүнд хандаж “хүүхдийн эрх бол хүний эрх” учир гаргасан шийдвэрээ эргэж хараарай гэж зөвлөлөө. Энэ талаар цагдаагийн байгууллагын удирдлагуудад бас өнөөдөр албан бичиг явууллаа. Хүүгийн асуудал дээр одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа эрүүгийн хуулиар хариуцлага тооцох хангаллтай үндэслэл бий. Хүний бие, эд эрхтэнд гэмтэл учруулах, хүнийг тарчлаан зовоох гээд олон зүйл ангиуд байдаг. Гэтэл манай шүүх, цагдаа ийм төрлийн хэргүүдийг байдаг л нэг ахуйн маргаан гэж хардаг, гэр бүлийн зөрчил гэж үздэг. Ийм байж таарахгүй. Хүүхдэд онц ноцтой хүчирхийлэл хэрэглэсэн насанд хүрэгчдийн эцэг, эх байх эрхийг нь хасах хүртэл арга хэмжээ авч, хүчирхийлэлд өртсөн бяцхан иргэдийг улсын хамгаалалд авах ёстой.
Хүчирхийллийн эсрэг тэмцэгч Эрхэм журмын нөхөд өө...
Хүний эрх хөгжсөн улс орнуудад бяцхан иргэдийн эрхэнд халдсан, халдахыг завдсан этгээдүүдтэй хуулийн хатуу хариуцлага тооцдог. Хүүхдүүдэд гэр бүлийн болон нийгмийн бусад төрлийн хүчирхийлэлээс өөрийгөө хэрхэн хамгаалах талаар сургалт, сурталчилгаа ч тогтмол явуулдаг. Гэтэл манай оронд эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгч нар хүүхдүүдтэй харгис, хэрцгий хандах, хүүхдийн эрхийг зөрчих явдал газар авсаар байна. Зарим хүмүүс хүүхэд бол хүн, хүүхдийн эрх бол хүний эрх гэдгийг ч бараг мартчихсан явж байна. Тэр хүмүүст хандаж би нэг зүйлийг хэлэе. “Бидний хүүхдүүд бол бидний ирээдүй. Тиймээс бид ирээдүйгээ хүчирхийлэх биш хайрлан хамгаалж өсгөх ёстой. Монголын ирээдүй хүчирхийлэлээс ангид, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэдгийг сануулая”.
Мөн миний бие хэдхэн хоногийн өмнө нөхөртөө зодуулж амь насаа алдсан нэгэн эмэгтэйгийн төрсөн дүүтэй уулзсан юм. Энэ бол гэр бүлийн хүчирхийлэл ямар аймшигтай түвшинд хүрснийг, манай гэр бүлийн тухай хууль, тогтоомж ямар их хоцрогдсоныг харуулсан жишээ байлаа.
Тэр эмэгтэй гэр бүлийн хүчирхийлэлд он удаан жил амьдарсан ба нөхрөөсөө салах өргөдөлөө 4 удаа шүүхэд гаргаж байсан байх юм. Манай шүүгчид тэр эмэгтэйн хүсэлтийг тухай бүрт нь буцааж зөвхөн нөхөртэйгөө эвлэрэхийг шаардаж байжээ.
Мөн хүчирхийлэлд өртсөн тэр эмэгтэйг хамгаалах талаар цагдаагийн байгууллага нэг ч удаа тодорхой дорвитой арга хэмжээ аваагүй байна. Гэр бүлийн дотоод хэрэгт оролцохгүй гэдэг ганцхан шалтгаанаар цагдаагийн байгууллага гаргасан гомдлыг нь тухай бүр буцаадаг байжээ. Эцэст нь тэр бүсгүй саяхны нэг өдөр нөхрийнхөө гарт алтан амиа алдлаа. Ийм эмгэнэлт хувь тавилантай бүсгүйчүүд Монголд олон мянгаараа байна.
Гэтэл Швед, Дани гэх мэт гадаадын зарим орнуудад хороо, дүүрэг болгонд хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах төвүүд хүчтэй ажиллаж байна.
Эндээс нэг л зүйл тодорхой харагдаж байна. Өнөөгийн манай хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах тогтолцоо, гэр бүлийн эрх зүй бүрэн хоцрогдсон, шүүгчдийн болон цагдаа нарын хандлага эцсийн дүндээ гэр бүл дэх хүчирхийлэлийг өөгшүүлж улмаар хүчирхийлэлд өртсөн хүмүүсийг илүүтэй хохироож байна.
Гэр бүл гэдэг бол хайр, халамж түгээхэд зориулагдсан газар болохоос бус хүчирхийлэл үйлдэхэд зориулагдсан газар биш гэдгийг онцлон хэлэе.
Гэр бүл гэдэг бол хүүхэд, эмэгтэйчүүдийг хайрлаж хамгаалахад зориулагдсан газар болохоос бус хүчирхийлэгч, дарангуйлагч нарыг хамгаалахад зориулагдсан газар биш гэдгийг манай шүүх, цагдаагийнхан ойлгох цаг болсон...
Иймд бид гэр бүлийн тухай болон гэр бүлийн хүчирхийлэлийн эсрэг хууль тогтоомжоо эргэн харж хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийн асуудалд онцгой анхаарах цаг боллоо...
Хүний эрхийг дээдлэгч Эрхэм журмын андууд аа...
Мөн өөр нэгэн хэргийн тухай би Та бүхэнд ярья.
3-хан сарын өмнө миний бие туслахынхаа хамт хүний наймааны хэргийн нэгэн сэжүүрээс барьж авсан юм. Өөрийн охиноо хүний наймааны золиос болгож алдсан Ганзориг ах саяхны нэг өдөр өөрийнхөө амь насыг ч бас сэжигтэйгээр алдлаа...
Энэ асуудлыг миний туслах Ч.Ганжавхлан хариуцаж ажиллаж байгаа бөгөөд хүний наймаанд өртсөн өөр олон монгол бүсгүйчүүдийн эмгэнэлт хувь заяаны талаар судалгаа хийж байна. /
Хүний наймааны эсрэг тэмцэж буй Ганжавхландаа хүний эрхийн өдрийн халуун баяр хүргэе/
Бүсгүйчүүдийн биеийг хүчээр үнэлүүлдэг, хүний эд эрхтний бизнес хийдэг гэмт хэргийн бүлэглэл Монгол Улсад олон жил нууц үйл ажиллагаа явуулж байгаа нь судалгаанаас тодорхой харагддаг.
Макао, Сингапур, Хятад, Солонгос гэх мэт орнууд руу монголын олон зуун охид бүсгүйчүүдийг өндөр цалинтай ажилд зуучлах нэрийн дор урхидан аваачиж хүчээр биеийг нь үнэлүүлж, боолчилж, хар тамхинд оруулж, мал адгуус мэт тарчлаан зовоож эцэст нь амь насыг нь хороосон тохиолдолууд ч цөөнгүй байна.
Түүнчлэн ургаас эм бэлддэг “давхар хүний наймаа”-ны золиосонд монгол бүсгүйчүүд, нялх нярай монгол хүүхдүүд маань өртөж байгаа тухай мэдээлэлүүд ч байна.
Ер нь өнөөдрийг хүртэл Монголын төр хүний наймааны эсрэг хүчтэй тэмцэл явуулаагүй гэж би дүгнэдэг. Харин ч зарим цагдаагийн ажилтанууд хүний наймааны хэргийн золиос болсон охид бүсгүйчүүдийн эрхийг хамгаалах бус харин ч эсрэгээрээ тэднийг айлгаж ичээх замаар холбогдох хэргүүдийг хаасан, хүний наймааны гэмт бүлэглэлийг өөгшүүлж хамгаалсан дүр зураг харагдаж байгаа.
Биеэ үнэлэх, биеийг нь хүчээр үнэлүүлэх хоёрыг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй, учир нь биеэ үнэлэлт хэмээх нэрэн дор халхавчлагдаж буй хүний наймаа, хүн худалдаалах гэмт хэрэг манай улсад далд тахал мэт тархаж байна.
Иргэдийг хүчирхийлэлээс, гэрч, хохирогчийг дарамт шахалтаас хамгаалах хууль эрх зүйн орчин байхгүйн улмаас охиноо алдсан, эгчийгээ хайсан, дүүгээ алдсан олон мянган хохирогчид гашуудлын нулимс зүрхэндээ тээн, чимээгүй шаналж яваа гэдгийг Монголын төр одоо анхаарах ёстой.
Хүний наймаа бол зүгээр нэг энгийн гэмт үйлдэл бишээ. Энэ нь онц ноцтой, зохион байгуулалттай, нийгэмд асар их хор хөнөөл учруулдаг гэмт хэрэг юм. Хүний наймаа бол зүгээр нэг хөдөлмөр зуучлал, биеэ үнэлэлт бишээ. Энэ нь хил дамнасан олон улсын гэмт бүлэглэлийн үйлддэг, хүний үндсэн эрхийг ноцтой зөрчдөг гэмт үйлдэл гэдгийг бид ойлгох цаг ёстой.
Иймд Монголын төр, цагдаа, хүчний байгууллага хүний наймааны эсрэг хатуу тэмцэж олон зуун охид бүсгүйчүүдээ хүчирхийлэл, бэлгийн мөлжлөгөөс өмгөөлөх, чөлөөлөх цаг болсон.
Саяхан бага насны охидуудыг хүчиндэж амийг нь бүрэлгэсэн аймшигт хэргүүд бас удаа дараа гарлаа. Охид бүсгүйчүүдийг хүчирхийлсэн, хүний наймааны шинжтэй гэмт хэргүүд гол төлөв цагдаагийн хяналт сул, хяналтын камергүй захын хорооллын буудлуудад элбэг гарах болжээ.
Ердөө хэдхэн хоногийн өмнө л гэхэд зочид буудлын үйлчлэгч охин ажлын байран дээрээ хүчингийн хэргийн золиос болж амь насаа алдсан байна.
Энэ бүх аймшигт хэргүүд өдөр болгон та бидний нүдэн дээр, яг хажууд чинь үйлдэгдэж байна, иймд бид үүний эсрэг хамтдаа хатуу тэмцэх ёстой...
Эрхэм Нөхөд өө...
Хүний эрх гэдэг бол улс төрийг гоёж гооддог хоосон уриа, лоозон бишээ.
Хүний эрх гэдэг бол хүний амьдралд ус, агаар мэт хэрэгтэй нандин үнэт зүйл билээ.
Хүний эрхийг дээдлэхгүйгээр хүний нийгэм хөгжихгүй ээ...
Иймд хүний эрхийг бид хэлбэр талаас нь бус агуулга талаас нь авч үзэх хэрэгтэй байна.
Тэртээ 22 жилийн өмнө цаасан дээр буусан хүний эрхүүдийг одоо амьдрал дээр буулгах цаг болсон.
Монгол хүний амь нас үнэ цэнэтэй байх ёстой. Монгол хүний цэнийг Монголын төр үнэлэх цаг нь болсон гэж би үзэж байна.
Анхаарал тавьсанд баярлалаа...
СЭТГЭГДЭЛ БИЧИХ