
Ахлагч Стивэн Жэррард одоогийн формоо хадгалан 2012 оныг Аваргуудын лигийн эрх авах байранд бичигдэн дуусгацгаая хэмээн багийнхнаа уриалж байна. Лигийн 16-р тойргийн тоглолтонд Уэст Хэмийн Аптон Паркт зочлон гайхалтай эргэн ирэлтийг хийн 3:2 харьцаатай хожсон Ливэрпүүл өнөөдрийн байдлаар хүснэгтийн эхний хагаст топ 4-с 4 онооны ард бичигдэж эхэллээ.
Мөн энэ нь Ливэрпүүлийн хувьд энэ улиралд лигийн хүрээнд анх удаа эргэн ирэлт хийн хожил авсан тохиолдол болж байгаа бөгөөд сүүлийн 11 тоглолтонд ганцхан хожигдсон гэсэн бахдам амжилттай байгаа билээ. Дараагийн 2 тойрогт Астон Вилла, Фулхэм нарыг гэртээ хүлээн авч тоглох бөгөөд барцадтай эхэлсэн энэ жилийг амжилттайгаар дуусгах ёстой хэмээн багийнхнаа зоригжуулж буй ахлагчийн үгийг сонирхоно уу...
"Багийнхаа залуусаар бахархаж байна. Гайхалтай тоглолт боллоо. Тоглолтын өмнө хүмүүс биднийг гол довтлогчгүйгээр сайн тоглох эсэхэд эргэлзэж байсан гэж би бодож байна. Харин бид айлын талбайд 3 гоол хийж 3 оноо авч чадлаа. Баг маань хүсч буй тэр шат уруугаа бага багаар ойртсоор байгаа нь сайн хэрэг. Одоо бид Астон Вилла, Фулхэм нарыг талбайдаа хүлээн авч тоглоно."
"Зорьж буй хэмжээндээ хүрэхийн тулд чармайж байгаа. Одоо хамгийн эхлээд Виллад анхаарлаа хандуулах хэрэгтэй. Харин 12 сарын сүүл гэхэд өөрсдийгөө топ 4-т бичигдэж байхыг хармаар байна."
Глэн Жонсон тоглолт эхлээд төдийлөн удаагүй байхад Алхнуудын хаалганы ерийн буланд зоосон бол завсарлахаас өмнө Нобль торгуулийн цохилтоор гоолдож улмаар Жэррард өөрийн хаалганд мөргөн гоолдсон. Гэсэн ч тоглолтын сүүлийн мөчүүдэд Жо Коул тооны харьцааг ойртуулан цаашлаад Коллинс өөрийн хаалганд гоолдсон юм.
"Глэний гайхалтай цохилт байсан. Тэр одоогоор сайн формондоо орчихоод байна. Тэр энэ улирал эхэлснээс хойш л сайн тоглолтыг үзүүлж байгаа. Тиймдээ ч түүний ингэж тоглоход гайхаад байх зүйлгүй. Би түүнтэй Ливэрпүүлд болон шигшээ багтаа хамт тоглодог шүү дээ"
"Тэр өөрийн тоглолтоо үргэлж дээд хэмжээнд байлгаж чаддаг тамирчин. Дэлхийн шилдэг баруун аруудын нэгд зүй ёсоор нэрлэгдэх ёстой залуу. Торгуулийн цохилтын хувьд алдаа өгөхөөр зүйл харагдаагүй. Хэрэв гар биенээс хол байхад бөмбөгөнд хүрчихсэн бол яагаад пэналти өгснийг ойлгож болох л юм. Харин Жо Аллэний гар биетэй нь маш ойрхон байсан. "
"Эхний үеийн 30 минутанд бид тэднийг илүүрхэж байсан. Брэнданыг ирсэнээс хойш бидний үзүүлсэн хамгийн сайн тоглолт болсон байх. Тооны харьцаа бидний талд байхад азгүй байдлаар 2 гоол алдчихсан. Аптон Парк бол зочлон тоглоход үргэлж хүнд байдаг газар. Гэсэн ч бид тэмцсээр сайн үр дүнг авч чадлаа."
Ливэрпүүлийн Лондонд хийсэн эргэн ирэлт мэргэн бууч Луис Суарэзгүйгээр болсон билээ. Учир нь тэрээр 5 шар хуудасны улмаас 1 тоглолтын бан авсан байгаа. Энэ талаар ахлагч:
"Бид иймэрхүү эргэн ирэлтийг хийхүйц тоглолтыг үзүүлсэн гэдэгтээ итгэлтэй байна. Хожил бүр сайхан байдаг. Бид гагцхүү өөрсдийн мэргэн бууч гэж нэрлэгдээд зогсохгүй бүр Премьер лигийн мэргэн буучдын нэггүйгээр эргэн ирэлтийг хийж чадлаа."
"Хүмүүс манай багийн талаар үргэлж л юу болж байгааг мэдэж амаа халаахыг хүсдэг. Олон жилийн турш хүмүүс манай багийг 1 хүнд эсвэл 2 хүнд суурилсан баг гэж нэрлэж ирлээ. Бид тэдний юу ярьж байгааг удирдаж чадахгүй ч, манай багт сайн тамирчид байгаа гэдгийг өнөөдрийн тоглолт баталсан байх. Бид мэнэжэрийн хэлж байгааг хэрэгжүүлж чадваас хожсоор л байх болно." хэмээн ахлагч маань ярьжээ.
Эх сурвалж :
www.liverpoolfc.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ