Малын халдварт өвчинтэй тэмцэх бүрэн тоноглогдсон машинтай боллоо

img

Жил бүр мал сүрэг шүлхий өвчнөөр өвчиллөө хэмээн хөдөө орон нутагт хорио цээрийн дэглэм тогтоож, ариутгал халдваргүйтгэл хийх, өвчилсөн малыг угтгалд оруулах зэргээр цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарлагадсан их ажил өрнөдөг. Тэгвэл хөрш зэргэлдээ ОХУ-ын Засгийн газраас 2010 онд 375,0 сая рублийн өртөг бүхий буцалтгүй туслалцаа үзүүлж, Монгол улсын мал сүргийг эрүүлжүүлэх, гоц халдварт шүлхийтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэх, мал эмнэлгийн албыг бэхжүүлэхэд туслах болсон. Энэ тусламжийн хүрээнд өнгөрсөн хоёр жил шүлхийн өвчнөөс сэргийлэх 37,0 сая тун вакцин хүлээн авсан бол уг тусламжийн сүүлчийн хэсэг болох 22 ширхэг ариутгал халдваргүйжүүлэлтийн тусгай зориулалттай ДУК автомашиныг  өчигдөр хүлээн авлаа. Уг үйл ажиллагаанд Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд В. В. Самойленко нар оролцож, аймгуудаас ирсэн Хүнс хөдөө аж ахуйн газрынханд машины түлхүүрийг нь гардуулж, ажлын амжилт хүссэн юм. ОХУ-ын буцалтгүй тусламжийн хүрээнд нийлүүлсэн вакциныг ашиглан 2011 онд долоон аймгийн  71 сум, нийслэлийн  есөн дүүргийн шүлхий өвчнөөр мэдрэмтгий нийт 11.4 сая малыг, 2012 онд 18.9 сая малыг вакцинжуулжээ. Өнгөрсөн 2010 онд өвчин гарсан буюу түүнтэй хил залгаа орших зургаан аймгийн мэдрэмтгий бүх малыг вакцинжуулалтанд бүрэн хамруулсан нь өвчин гарах эрсдлийг бууруулж, өнөөдөр Монгол улс шүлхий өвчнөөр тайван байна гэж албаныхан дүгнэлээ.     Өчигдөр хүлээлгэн өгсөн ариутгал халдваргүйтгэлийн тусгай зориулалтын ДУК автомашиныг бүх аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн албанд хуваарилсан юм. Энэхүү автомашин нь халдварт өвчний голомт, шаардлагаар болон урьдчилан сэргийлэх зорилгоор цаг агаарын ямар нөхцөлд үүрэг гүйцэтгэх чадвартай, халдваргүйтгэлийн уусмалыг бэлтгэх, 0+85 хэм хүртэл халаах, 8 метр хүртэлх өндөрт 2,5 МПа (кг/см2) хүртэлх даралтаар шүрших, нэг минутанд 8 литрээс доошгүй шингэнийг мананцар маягаар шүрших чадвартай. Мөн жолоочоос гадна дөрвөн хүний суудалтай, бензин хөдөлгүүртэй УАЗ 390945 маркын 2012 онд үйлдвэрлэгдсэн автомашинууд юм байна. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ