"iPhone5" алдаатай үйлдвэрлэгдсэнийг батлав

img

Өнгөрөгч есдүгээр сард худалдаанд гарсан “Apple”-ийн iOS6 үйлдлийн системтэй “iPhone 5” гар утас үйлдвэрийн алдаатай болох нь тогтоогдож хэрэглэгчдээ багагүй бухимдуулжээ.  Газрын зургийн системээс гадна цаг уурын мэдээ нь ташаа байгаа аж. Гэхдээ энэ нь зарим шинэ гар утсанд илэрсэн байна. Австралийн цагдаа нарын уламжилснаар “iPhone 5”-ыг ашигласан мотоциклтой аялагчид газрын зургийн системийн алдааны улмаас төөрч будилсан аж. Дээрх зурган дээр тэмдэглэсэн газаруудын хорондох газрын зураг буруу хийгдсэн байжээ. Викториа мужийн цагдаагийн газрын төлөөлөгч AFP-д өгсөн ярилцлагадаа “Мотоциклтой аялагчид өнгөрсөн долоо хоногт мужийн төвийн нутгаас хойш Милдура хот орохоор замдаа гарсан боловч гар утасны газрын зургийг ашигласнаас болж төөрсөн” гэжээ. Тус нутагт мотоциклиор аялсан зургаан хүн хоол ундгүй, цэвэр усгүй 24 цагийг өнгөрүүлсэн байна. Милдура хотын байрлалыг тогтооход Мельбурн хотоос 500 км-ийн зайтай гэж гарчээ. Энэ нь бодит зайнаас 70 орчим км-ээр зөрсөн байгаа юм. Милдура районыг хариуцсан аврах албаны байцаагч Саймон Клеменс АВС сувагт өгсөн ярилцлагадаа “Аялагчдыг GPS, байрлал тогтоогчтой нисдэг тэрэгний тусламжтайгаар олсон. Хэрэв бид хугацаа алдсан бол шатахуунгүй, усгүй болсон аялагчид амиа алдаж болох байсан” гэж мэдэгджээ. Энэхүү хэрэг явдалтай холбогдуулж Австралийн цагдаа нар аялагчдад хандан “iPhone 5” гар утасны газрын зургийн системд найдах хэрэггүй гэдгийг сануулжээ. Э.Мөнхнасан  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ