
МАН буюу экс МАХН-ынхан 2010 оны арваннэгдүгээр сард намынхаа нэрийг солихдоо “МАХН бол МАН, МАН бол МАХН. МАН бол МАХН-ын эхлэл бөгөөд үргэлжлэл” хэмээж байсан нь биеллээ олох гэж байгаа бололтой. Юутай ч МАХН, МАН нэгдэнэ гэсэн яриа гараад эхэлсэн байна. Олны үг ортой гэдгээр угшил нэгтэй улс төрийн хоёр хүчин нэгдэх процесс эрт орой хэзээ нэг цагт болох нь бараг тодорхой болжээ.
Тэгэхдээ эрх мэдэл, сүр хүч ихтэйгээрээ МАН гол үүрэг гүйцэтгэхгүй. Харин МАХН энэ удаа МАН-ыг “гэртээ оруулж” авах нөхцөл бололцоо бүрдээд байна. Яагаад гэвэл УИХ-д МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг ажиллаж буй. Харин МАН одоо хэр УИХ-д бүлэгтэй болж амжаагүй байна. Хэдийгээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын тухай, УИХ-ын эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, МАН-д бүлэг байгуулах боломжийг эрэлхийлсэн ч УИХ-аар түүнийг хэлэлцэж эхлээгүй байна. Угаасаа ч Өвөрхангай, Увсын тойргийн асуудал нэг тийш болтол МАН-д бүлэг байгуулж өгтөл юу л бол.
Тийм болохоор УИХ-д 25 суудалтай МАН-ынхан бүлэгтэй болж, байнгын хороонд орж, шийдвэр гаргахад оролцох болтлоо өдий байна. Яг энэ байдал дээр МАХН, МАН нэгдэх бололцоо бүрдээд байгаа юм. МАН-ынхан МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэгт нэгдэж магадгүй нь. Тийм жишиг өмнө нь байсан.
2004 онд “Эх орон-Ардчилал” эвсэл тарахад АН-ынхан УИХ-д бүлэггүй хоцорсон. Зөвхөн зөвлөл байгуулж болох байсан ч зөвлөлд шийдвэр гаргах, нөлөө үзүүлэх боломж байхгүй. Тиймээс АН-ынхан тухайн үеийн МАХН-ын бүлэгтэй нэгдэж “62-ын бүдүүн бүлэг” гэдгийг байгуулж байв. Баруун, зүүний үзэл баримтлалтай, арваад жил тэс хөндлөн харж явсан АН, МАХН хоёр нэг бүлэгт нэгдэж болж байсан юм чинь угаасаа хэвлий нэгтэй, ижилхэн зүүний чигийн үзэл баримтлалтай МАХН, МАН хоёр нэгдэж, нэг бүлэгт багтах нь огтхон ч гайхах асуудал биш юм. Гэхдээ МАХН-ын бүлэгт МАН нэгдэхдээ 100 хувь нэгдэхгүй бололтой. МАН-ын олигархи хэсэг бүлгийн гадна үлдэх нь бараг тодорхой.
МАХН-ын Гүйцэтгэх товчооны шийдвэрт дурдсанчлан МАН-ын гишүүн Т.Бадамжунай, М.Энхболд, У.Хүрэлсүх, Ц.Нямдорж, Сү.Батболд нарыг албан ёсоор АТГ-т өгч шалгуулна гэсэн. Тэд лав МАХН, МАН хамтрахад оролцохгүй нь ойлгомжтой. МАН дотор шударга ёсны төлөө тэмцэгч гишүүн цөөнгүй бий. Тэд МАХН-ын бүлэгт нэгдэх нь ойлгомжтой болж байна.
Анхан шат, үүрүүдэд бол МАХН, МАН-ын жирийн гишүүд нэгдэхэд төвөг чирэгдэл гарахгүй. Жирийн сонгогч, гишүүд хэзээд үнэний төлөө явдаг. Олигархиуд бол тэднийг сонгууль төдийд ашиглаад орхидог нь хэвшил болсон үзэгдэл. Энгийн гишүүдийн хувьд МАХН, МАН-ын ялгаа нэг их байхгүй. Ахмад гишүүд бол МАН ч бай, МАХН ч бай өөрийгөө МАХН-ын гишүүн л гэж нэрлэдэг. Ихэнхэд нь улаан батлах нь хадгалаастай бий. МАН-ын ухвар мөчид зарим дарга хөвөнтэй хөнжил төдийгөөр МАХН-ын улаан батлахыг нь сольж авах гэж манаргасан удаатай. Гэхдээ олон жил зүрхэн тушаагаа хадгалж ирсэн бат илэрхийлэхээ ахмадууд хөнжил гудасхнаар солиогүй. Тэдэнд МАХН гэдэг нэр, улаан батлах, үзэл баримтлал нь угаас нандин зүйл ажээ.
Тэгэхээр дээгүүрээ УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэгт МАН нэгдэх, МАН, МАХН-ын жирийн гишүүд доогуураа нэгдэх хоёрт төвөг бэрхшээл алга. Тун удахгүй УИХ-д МАХН-МҮАН-МАН-ын “Шударга ёс” эвсэл байгуулагдаж магадгүй байна.
Г.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ