
Эрчим хүчний сайд М.Сономпил өнөөдөр Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв ТӨҮГ-т ажиллав. Тус төвийн Нарны зайн үйлдвэрийн үйл ажиллагаа одоогоор зогсоод байгаа бөгөөд салбарын сайд энэ удаа тус төвийн үйл ажиллагаатай танилцахдаа цаашид хэрхэн ажиллах, ямар томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхдээ яамнаас дэмжлэг хүсч байгаа талаар тодрууллаа. Чингис бондын хөрөнгөөр хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрийг нэгтгэж байгаа энэ үед яамнаас бодлогын чиглэлээр дэмжүүлэх ямар төсөл хөтөлбөр байгаа талаар уулзаж байгаад төвийнхэн талархсанаа илэрхийлээд Шүрэнгийн болон Эгийн голын усан цахилгаан станцын төсөл хэрэгжих бол хамтран ажиллах хүсэлтэй байгаа гэдгээ ярьсан. М.Сономпил сайд сэргээгдэх эрчим хүчний салбарын төслүүдийг хэрэгжүүлэхэд “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв”-өөр техник эдийн засгийн үндэслэлийг хийхээс эхлээд хамтран ажиллуулахад анхаарах нь зүйтэйг яамны Төрийн нарийн бичгийн даргад чиглэл болголоо. Сэргээгдэх эрчим хүчний чиглэлийн ажлуудыг уг мэргэжлийн байгууллагаар хийж гүйцэтгүүлэх энэ чиглэлээр хөрөнгө оруулагч нарыг холбосноор үндэсний төвийн мэргэжилтнүүдийн болон санхүүгийн чадавхи сайжирна гэж үзэж байгаагаа илэрхийлэв.
Энэ үеэр нийслэлийн утааг багасгахад Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвөөс хамтран ажиллах боломж байгааг төвийнхэн хэлж байлаа.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ