
“Гладиатор” кинонд жүжигчин Рассел Кроугийн бүтээсэн дүрийн бодит эзэн болсон Ромын цэргийн жанжин Марк Ноний Макрины бунханг шороогоор булах бололтой. Энэ баатарлаг цэргийн жанжин Ромд II зуунд амьдарч байсан бөгөөд түүний бунхны туурь 2008 онд Ром хотоос умард хэсэгт олдсон билээ.
Гантигаар чимэглэгдсэн дөрвөн давхар байгууламжийг шавраар дүүргэсэн учраас боломжийн хадгалагдаж үлдсэн аж. Энэ бунхныг Итали улсад сүүлийн хэдэн арван жилд хийгдэж байгаагүй томоохон олдвороор нэрлэсэн бөгөөд “Гладиаторын бунхан” хэмээн нэрийджээ.
Евро бүсэд дэгдээд байгаа хямралыг гэтлэн давахын тулд Итали улс соёл, урлагтаа зарцуулах төсвөө танасан учраас уг бунхныг сэргээн засварлах мөнгө байхгүй байгаа юм.
Тийм учраас цаг нь болохоор түүнийг сэргээн засварлахын тулд бунхныг шороогоор булах шийдвэрийг гаргав. Марк Ноний Макрин Эзэн хаан Марк Аврелийн найз байсан бөгөөд Германы омог аймгуудын эсрэг хийсэн цэргийн ажиллагаануудаараа алдаршсан билээ. Гэхдээ тэр гладиатор болоогүй аж. Харин өндөр наслаад чамин бунханд оршуулагдсан гэдэг.
Эх сурвалж
www.wikimon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ