Балотелли: Месси л надаас жаахан илүү юм даа

Европын шилдэг залуу хөлбөмбөгчнөөр “Манчестер Сити”-гийн 20 настай Марио Балотелли тодорлоо. Харин аман хүзүүнд “Арсенал”-ын Жек Уилшер шалгарчээ. Балоттелли түүний ард орсон Жек Уилшерийн тухай “Нэр нь хэн гэнэ ээ? Уил...? Үгүй ээ, би түүнийг мэдэхгүй юм байна. Дараа “Арсенал””тай тоглохдоо л сайн харж авахаас. Магадгүй би “Шилдэг залуу хөлбөмбөгч” шагналаа түүнд үзүүлэх ч юм билүү” гэжээ. Мөн Балотелли тус шагналыг хүртэж байсан хөлбөмбөгчдийг өөрийнхөө хэмжээнд хүрэхгүй гэж “цээжээ дэлдэв”. “Би баяртай байна. Гэхдээ би хүртэхгүй бол өөр хэн хүртэх билээ. Энэ шагналыг хүртэж байсан хөлбөмбөгч дотор надаас жаахан илүү нэг л тоглогч бий. Тэр бол Месси. Би хоёр жилийн өмнө зургаад, жилийн өмнө дөрөвт шалгарсан. Энэ жил би авах нь тодорхой байсан. Ер нь “Алтан бөмбөг” авахыг мөрөөддөг. Мөрөөдөлдөө хүрэхийн өмнөх сайн дэм юм даа, энэ шагнал” гэж тэр ярьжээ. Европын шилдэг залуу хөлбөмбөгчнөөр өмнө нь Уэйн Руни, Рафаэль ван дер Варт, Сеск Фабрегас нар тодорч байсан билээ.
Харин Балотеллигийн үгийг дуулсан Жек Уилшер үг сөрөлгүй өнгөрлөө. “Би хоёрт жагссандаа баяртай байна. Миний төлөө санал өгсөн хүн бүрт баярлалаа. Хэдийгээр намайг таньдаггүй ч гэсэн Балотеллид баяр хүргэе. Тэр бол маш сайн хөлбөмбөгч” гэж Уилшер Twitter-дээ бичжээ.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ